Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

Сумын менежер

Хүний амьдралд хөгийн юм олон тохиолддог ч алдаанаасаа суралцаж хөгждөг нь жам. Харин өнөөгийн хууль тогтоогчид, Үндсэн хуулийн манаачид урагшлах бус ухарсаар явна. Өнөөгийн парламентыг хууль ёсны гэж хэлэх үндэслэл алга. Үндсэн хуулийн Цэц 2012 онд пропорциональ, мажоритари хосолсон холимог тогтолцоогоор сонгууль явуулах нь эцэг хуулийг зөрчөөгүй гэж үзэж байсан бол ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр дөрвөн жилийн дараа, Сонгууль болохоос хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө жагсаалтаар сонгохыг Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэх нь тэр.

Харин түүнийг нь УИХ-ын гишүүд хүлээн авлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, олонхийн саналаар “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзсэн юм.

Одоо тэд жагсаалтын 28 мандатыг хотод илүү хуваарилах уу, хөдөөд олныг нэмэх үү гэдгээр Сонгуулийн хуулиа өөрчилнө. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн өргөн барьсан Сонгуулийн хуулийн төслөөр бол нийслэлийн мандатын тоог нэмэх зохицуулалт бий.

Хэрэв УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй бол их суудлын хурлаараа энэ асуудлыг шийдвэрлэх байлаа. Хэрэвзээ тэгсэн бол Цэц дунд суудлынхаа шийдвэрийг хүчингүй болгох магадлал өндөр байв. Учир нь илүү олон гишүүн, дунд суудлаасаа арай ухаалгаар хандах байснаас гадна дунд суудлын таван гишүүний гурав нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн бол нөгөө хоёр нь зөрчөөгүй гэж үзжээ.УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын хэлсэнчлэн “Цэц захиалгын шийдвэр гаргасан” нь хэнд ч ойлгомжтой гэж хардахад хүрч байна.

Үндсэн хууль ганц. Гэтэл Үндсэн хуулийг дөрвөн жилийн хугацаанд хоёр өөрөөр тайлбарлаж буй ахуйд Цэцийг Үндсэн хууль сахиулагч гэхээсээ сарниулагч гэвэл илүү ононо. Жалга тойрсон үзлээс салж улс орны асуудлыг томоор харж, тойрог бус улсын хэмжээнд сэтгэх боломжийг пропорцианаль олгодгоороо давуу талтай. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд пропорционалийн буянаар жагсаалтаар орсон гишүүдийн ачаар ипотекийн зээлээс эхлээд түүхэндээ байгаагүй эрчээр зам тавьсан гээд олон олон асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэн.

Харин одоо буцаад жижиг 76 тойргоор сонгуулиа явуулахаар тохиролцож байх шиг. Томсгосон тойргоос давуу тал нь нэг намынхан өөр хоорондоо өрсөлдөж, ялалт байгуулахын тулд биесийнхээ бузар, булхайг дэлгэж, намналцахгүй. Харин сул тал нь эргээд л жалга довны үзлээр жижиг тойрог руугаа төсвийн хөрөнгийг цацахыг хичээж, хууль тогтоогчид сумын “менежер” болно. Улс орны хөгжилд тустай том том мега төслөөс илүүтэй сургуулийн засвар, сумын клуб, хүүхдийн тоглоомын талбай, малчдын малын үүлдрийг сайжруулагч болон хувирна. Сумаа хөгжүүлэх нэрийдлээр төсвийн хөрөнгө үргүй зарцуулагдаж, жинхэнэ утгаараа солиорцгоох болно.

Үндсэн хууль ганц. Гэтэл Үндсэн хуулийг дөрвөн жилийн хугацаанд хоёр өөрөөр тайлбарлаж буй ахуйд Цэцийг Үндсэн хууль сахиулагч гэхээсээ сарниулагч гэвэл илүү ононо.

Хууль тогтоогчид сумын менежерээс өөрцгүй болно. Жалга, довны үзлийг л үгүй хийхийн тулд жагсаалтын сонголтыг гаргаж ирсэн. Ингэсний үр дүнд тойргийн хөгжил бус хөгжлийн бодлогоор өрсөлддөг хөрс суурь бага ч болов бүрэлдсэн ч эмзэгхэн хөрсөө үгүй хийчихлээ.Жагсаалтыг үгүй болгосноор ус агаар мэт хэрэгтэй байсан гуравдагч хүчин гарч ирэх магадлал ч хумигдав.Харин одоо АН, МАН-ын зодоон эхэлнэ. Мэдээж Ардчилсан намынханд хотын мандатыг олшруулбал илүү олон суудал авах магадлал өндөрсөх бол хөдөөд хөл сайтай МАН хөдөөгийн мандатын тоог нэмэгдүүлэхээр улайрах нь мэдээж.

Аль аль хувилбар нь бие даагчид, гуравдагч хүчинд ашиггүй. Ийм болохоор л гуравдагч хүчнүүд АН-ыг дэмжихээ мэдэгдээд байгаа. Тэр нь тэдний хувьд одоохондоо зөв сонголт ч томоор нь харвал өвөрт өөрөө гүйгээд орсон нэр хүндгүй, нууц амрагийн ч дайнаас доогуур амьтад болсноос өөрцгүй.

Ийнхүү Цэцийн дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлт Монгол Улсыг хойш алхахад хүргэв. Аливаа улс урагш алхаж, хөгжиж дэвждэг байтал бид уруудан доройтож байна. Эцэстээ сонгогчдын үндсэн эрх бус сонгогдогсдын эрхийг хамгаалах чиглэл рүүгээ л бүх зүйл эргээд байх шиг. Гутамшигтай, дэндүү гутамшигтай.  

Л.ТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж