ЦЕГ 24000 иргэний мэдээллийг хакердсан этгээдийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

ЦЕГ 24000 иргэний мэдээллийг хакердсан этгээдийг илрүүлжээ

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН:

  • Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаанаар зуны түр худалдаа эрхлэх хүсэлтэй иргэдийн асуудлыг хэлэлцсэн байна. АСЕМ-ын орнуудын чуулга уулзалттай холбогдуулан Энхтайвны өргөн чөлөөний гудамжнаас бусад байршилд түр ажлын байр бий болгох зорилгоор Зуны түр худалдаа гаргахаар шийдвэрлэжээ.

  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит бус хуралдаан болж, сонгуулийн тойргийг хэлэлцээд, жижиг 76 тойргийг сонгох шийдэлд хүрлээ. 

  • Гадаад хэргийн яаманд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XIV хуралдаан болж  Хятадын засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын төслүүдийн ажлыг аль болох хурдан урагшлуулах, “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т ойрын хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж тохиролцоонд хүрэв.

  • Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”- ыг шинэчлэн баталсан байна. Жагсаалтад  барилгын талбайн бүх төрлийн ажил, жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морь унуулах, шөнийн цагаар болон архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газарт соёлын, циркийн, ардын урлагийн үзүүлбэр үзүүлэх ажил, авто зам дээрх худалдаа, үйлчилгээний ажил зэргийг шинээр нэмж, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аянг зарлажээ.

  • Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 1.5 хувиар бууруулах шийдвэр гаргалаа.  Ингэснээр 12 хувьтай байсан бодлогын хүү 10.5 хувь болж байгаа юм. 

  • МАХН-аас Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар гарч, МАН-д элсэхээр болсон. Тэгвэл өчигдөр Н.Батцэрэг, М.Сономпил нар МҮАН-аас гарч, Ардчилсан намд элсэх тухай яриа улс төрийн хүрээнээс сонсогдож эхэллээ. Учир нь СЕХ-ноос өөр намын хүн өөр намын нэр дээр дэвшихийг хориглосон. Үүнтэй холбоотойгоор МҮАН-ын хоёр гишүүн Ардчилсан намд элсэхээр намаасаа гарах өргөдлөө өгсөн гэсэн мэдээлэл тархах болсон байна. Энэ талаар МҮАН-ын даргаас тодруулахад “Манай хоёр гишүүн намаасаа гарах өргөдөл өгөөгүй. Гэхдээ бид Сонгуулийн хуулийг яаж өөрчлөхийг харж байна” гэсэн юм.

  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн барилгын ажил эхлээгүй байгаатай холбогдуулан өчигдөр /2016.05.05/ сурагчдын эцэг, эх, багш нарын төлөөлөл цугларч, мэдээлэл хийлээ.

  • Жүжигчин Б.Амарсайханаас мэдүүлэг авсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү энэ талаар "Жүжигчин Б.Амарсайханы "Би юу хийчих вэ" бичлэгтэй холбогдуулан иргэн Г.Батбаяраас Цагдаагийн байгууллагад гомдол ирсэн. Энэ дагуу өргөдлийг хүлээн авч шалгасан. Мөн жүжигчин Б.Амарсайханаас тайлбар авсан" гэж мэдэгджээ.

  • ЦЕГ-аас 24 мянга 783 иргэн, аж ахуйн мэдээллийг хакердаж, хууль бусаар авсан Т гэгчийг илрүүлэн шалгаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү мэдээллээ. Тэрээр “Т гэгч нь компьютерийн мэдээллийн санд байгаа мэдээллийг хуулбарлан авах 12 төрлийн программыг хийсэн байсныг илрүүлэн шалгаж байна. Мөн 1985 онд төрсөн Х гэгч нь гадны иргэдийн виза картыг ашиглан, онц их хэмжээний мөнгө завшсан хэргийг шалгаж байна” гэж дуулгалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж