Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

Хэлц үгийн хэрэглээ

…Нэг тоглолтын бэлтгэл дээр Эрдэнэбаатар найруулагч “Өнөөдөртөө бичлэг тавьчихъя” гэж залхуурсан хөгжимчнийг “Дуучид ам барина, хөгжимчид гар барина, тэгэхээр бүжигчид хөл барих болж байна уу!” гэж зэмлэж билээ. Юу гэснийг нь эрхэм уншигч та ойлгосон биз ээ. Ийм битүү утгатай үгийг егөөдөл хэлц үг гэнэ. Энэ мэтээр төрсөн хэлц үгийн цаад утга цагийн салхинд бүдгэрч, төөрч будилуулах нь энүүхэнд. Хэлц үг хэрхэн түүх, уламжлал, соёл агуулдгийг хэдэн жишээгээр тайлбарлая.

“Нанчилдаангүй найрыг найр гэдэггүй”, “Найр сайхан боллоо. Хөөрхий хүүгийн эцэг л хөлөөр нь үрэгдчихлээ.” гэсэн үгийг буриад зонтой холбодог. Буриадууд л хурим найр дээр нанчилддаг юм биш. Халхууд ч ингэдгийг “Худгийн шандыг лай дагана, Хурим найрыг чөтгөр дагана” гэсэн хэлцүүднь гэрчилнэ. Ер нь хурим найр дээр их бага зодоон цохион болбол сайн гэнэ. Учир нь хуримын хувиас хүртэхээр ирдэг үл харагдах элдэв муу зүйлийн хорлолоор хурим дээр, эсвэл дараа нь заавал нэг муу юм болдог гэж үздэг ажээ. Иймд хурим дээр нь хуйтай хутга сугалж, нударга зөрүүлсэн нөхдийг хуримлагчдын хожмын барцдыг арилгасан ачтан гэж үзэж, ундууцаж дургүйцэх ёсгүй гэнэ шүү.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Сүүлийн тэмээний ачаа  биш, хүндлэл нь жин дардаг” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж