УИХ Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбоотойгоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр 22.00 цагийн орчимд хуралдуулж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 72.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Ингэснээр УИХ-ын сонгууль нэг мандаттай 76 тойргоор зохион байгуулагдах боллоо. Мөн намуудын нэр дэвшигчээ тодруулах үйл ажиллагаа тавдугаар сарын 23-наас эхэлж 5 хоногт багтаах боллоо.
Өмнө баталсан байсан Сонгуулийн тухай хуулиар намуудын нэр дэвшигчээ тодруулах үйл ажиллагаа тавдугаар сарын 5-наас эхэлж тавдугаар сарын 9-нд дуусах ёстой байсан ч Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлттэй холбогдож, өөрчлөлт оруулахаас аргагүй болсныг Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслөөр засаж өглөө.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан. Энэ үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд намуудын нэр дэвшигчээ тодруулах хоногийг тавдугаар сарын 23-н хүртэл хойшлуулсан нь цаг хугацааны хувьд хэр зохимжтой вэ гэдэгт хариулт хүссэн юм.
УИХ-ын сонгууль нэг мандаттай 76 тойргоор зохион байгуулагдах боллоо. Намуудын нэр дэвшигчээ тодруулах үйл ажиллагаа тавдугаар сарын 23-наас эхэлж 5 хоногт багтаана.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн: Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл ороогүй. Ийм учраас ажлын хэсэгт бичгээр санал хүргүүлсэн боловч хүлээж аваагүй. Уг нь бол өнөөдрөөс намуудын нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх байсан. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбоотойгоор 18 хоногоор хойшлуулах болсон. Бид хоногийг наашлуулах санал гаргасан ч ажлын хэсэг хүлээж аваагүй.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 20-ноос нэр дэвшүүлье гэсэн санал өгсөн, ажлын хэсгийн гишүүдийн олонх нь тавдугаар сарын 23-н байх нь зүйтэй гэж үзсэн учраас энэ санал дэмжигдсэн гэсэн тайлбар хийж байв.
“БИЕ ДААГЧДЫГ БҮГДИЙГ ТАЛБАЙД ЖАГСААНА ШҮҮ”
Дээрх анхааруулгыг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ өгсөн юм. Тэрээр Сонгуулийн ерөнхий хорооноос бие даагч нарт сонгогчдоос гарын үсэг цуглуулах хүснэгт тараасан. Тэд том тойрогт нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө боловсруулж, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байгаа. Гэтэл Ардчилсан намын бүлэг, МАН-ын бүлэг хуралдаад нэг мандаттай 76 тойрогт УИХ-ын сонгууль зохион байгуулах боллоо. Ийм учраас 76 хүртэлх тойрог байж болохоор зарчмын зөрүүтэй санал гаргаж байна гэсэн ч зарим нэр бүхий гишүүний зүгээс “76 хүртэл гэх нь Үндсэн хуульд байгаа 76 гишүүн алга болж, 56 гишүүн болох болбол яах вэ” гэдэг асуудал хөндсөнөөр энэ санал хураагдаагүй юм.
Мөн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж УИХ-ын сонгууль болохоос 150 хоногийн өмнө сонгуулийн хороо байгуулагдах ёстой. Хугацааг нь тодорхой болгох ёстой, тэгэхээр санал хураахаас 39-өөс доошгүй хоногийн өмнө сонгуулийн хороог байгуулах ёстой гэж тодорхой болгох шаардлага байна гэв.
УИХ-ын гишүүн Н.Энхболд “Үлдэж байгаа хоногтоо багтаагаад тооцоод үзэхээр санал хураахаас 45 хоногийн өмнө сонгуулийн тойргийн хороо байгуулна гэж зааж өгөх нь зөв болов уу. Ингэхгүй бол хугацаа тулж байна” гэснийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга боломжтой хугацаа хэмээн үзсэн ч 37 хоногийн өмнө байхаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.
Гэхдээ УИХ-ын гишүүн Г.Уянга “Хоёр нам нийлээд тойрог тохироод ороод ирлээ. Тойргийн хэсгийн хороодод ажиллах Ардчилсан нам, МАН-ын хүмүүс бэлэн байгаа. Гэтэл жижиг намуудад тийм боломж хомс. Сонгуулийн тойргийн хороо байгуулах асуудал нь 76 тойргийн хэмжээнд бус Цэцийн хүчингүй болгосон 28-ын хүрээнд яригдах ёстой байсан гэх тайлбарыг ч хэлж байсан юм.
Онцлоход, Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлт нь зөвхөн УИХ-ын сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор тавигдсан тул орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах хуулийн хугацаа хуучнаараа буюу өчигдрөөс эхэлж, ирэх даваа гариг дуустал үргэлжлэх болж буй аж. Иймээс энэ хугацаанд багтаан нэр дэвшигчээ тодруулах шаардлагатай юм байна.
Мөн 28 мандатын хэдийг нь орон нутагт, хэдийг нийслэл рүү шилжүүлэх вэ гэдэг асуудлыг УИХ ирэх долоо хоногоос хэлэлцэх болж байна. Дэгээрээ эхэлж Сонгуулийн хуулиа батлаад дараа нь тойрог, хэсгийн хороодыг байгуулах асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооноос санал болгодог учраас 28 мандатыг хуваах асуудалд Ардчилсан нам, МАН хоёр ирэх долоо хоногоос “үзэлцэх” болж байна.