”Г.Уянгын үйлдэл Үндсэн хуулийн бус”

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

”Г.Уянгын үйлдэл Үндсэн хуулийн бус”

Улсын Их Хурлын энэ долоо хоногт Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг хэлэлцэж байгаатай холбоотойгоор хуульч, дэд профессор Л.Отгонбаяртай ярилцаж тодруулга авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын гаргасан саналыг УИХ хэлэлцэх нь зөв эсэх талаар сүүлийн хэдэн өдөр УИХ дээр болон хуульч судлаачдын дунд харилцан адилгүй зүйл яригдах боллоо. Улс төрөөс ангид, хуульчийн хувьд энэ асуудлаар манай уншигчдад хуулийн үүднээс тодорхой ойлголт өгөхгүй юу?

Монгол Улсын Үндсэн хуулийн 33.1.8-д зааснаар ялтан буюу шүүхээр ял шийтгэгдсэн этгээдэд уучлал үзүүлэх эсэх нь Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүйгээр бие даан эдлэх үндсэн бүрэн эрх юм. Шүүхээр ял шийтгэгдсэн хэн бүхэн гарал, үүсэл, үндэс угсаа харгалзахгүйгээр Ерөнхийлөгчид хандан уучлал хүсэх эрхтэй.

Жастин Капла нарын хувьд энэ л эрхээ эдэлсэн гэж ойлгож байна. Ялтнууд дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж авсныхаа дараа уучлал хүссэн өргөдлөө гаргасан. Ерөнхийлөгч давж заалдах гомдол гаргах хугацаа нь дуусаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа ялтанд уучлал үзүүлэх зарлиг гаргасан юм билээ. Тиймээс энд хуулийн зөрчлийн асуудал огт байхгүй.

– Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ж.Бямбадорж Уянга гишүүний саналыг хэлэлцэх нь УИХ өөрөө Үндсэн хуулиа зөрчихөд хүргэнэ гэсэн ярилцлага өгсөн байсан. Энэ талаар?

            Ж.Бямбадорж гуай бол Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан туршлагатай хуульч. Тиймээс хууль зүйн үндэслэлийг нь анхаарч үзэх л ёстой гэж бодож байна. Гол нь Уянга гишүүний саналын хувьд Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлснийх нь төлөө Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх гэж байгааг нь хуульчийн хувьд сайн ойлгохгүй байгаа юм. Би хувьдаа энэ асуудлыг өнөөгийн улс төрийн нөхцөл байдалтай холбож, сонгууль дөхсөн энэ үед улс төрчөөс хийж байгаа сонгуулийн тоглолт л гэж харж байна.

– Өчигдөр Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын хийсэн мэдээлэлд дурьдсанаас үзвэл Жастин Капла нь уучлал үзүүлсний дараа Саусгоби сэндс компани Монгол Улсад учруулсан өрийг төлөх ёстой байсан ч ямар нэгэн байдлаар зувчуулж эхэлсэн учир зарлигийг хүчингүй болгуулах гээд байгаагаа хэлж байсан. Ийм үндэслэлээр зарлигийг хүчингүй болгож болох уу?

            Өнөөгийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор ялтанг ял эдлэхээс уучилсан асуудал нь шүүхийн шийдвэрээр ялтны бусдад төлөхөөр болсон төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл буюу татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хувьд бүрч тодорхой байгаа. Учир нь гэм буруутай болох нь тогтоогдсон Саусгоби Сэндс компанийн гүйцэтгэх удирлагуудад уучлал үзүүлсэн нь Саусгоби Сэндс компанийн улсад төлөх ёстой 35 тэрбум төгрөгийн хохирлыг уучилсан хэрэг огт биш юм.  Тиймээс Саусгоби сэндс компанийн өмгөөлөгч нь шүүхийн тогтоолд давж заалдах гомдол тухайн үед гаргаж байсныг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Ер нь нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх буюу торгуулийн төлбөрийг төлүүлэх асуудал нь Ерөнхийлөгчийн зарлигтай ямарч холбоогүй бөгөөд энэ асуудлыг хариуцсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гээд байгууллага ажиллаж байгаа шүү дээ.

Эцэст нь дахин тодруулах зорилгоор нэг асуулт асууя. Ердөөсөө Г.Уянга гишүүний тавьсан хүсэлтийн дагуу Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг УИХ хэлэлцэх нь хэр зүйтэй алхам юм бэ? Энэ талаар манай уншигчдад маш тодорхой хариу өгөөч?

            Энэ мэтийн асуудал бол дөнгөж өнөөдөр гарч байгаа шинэ асуудал биш ээ. Үүнтэй төсөөтэй УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн С.Баярцогт сайдыг огцруулахтай холбоотой асуудлаар дөнгөж оны өмнө цэцээс шийдвэр гаргасныг санаж байна. Товчхондоо, нэг гишүүний санаачлагаар Ерөнхийлөгчийг байтугай, сайдыг хүртэл огцруулах асуудал тавих нь Үндсэн хууль зөрчсөн алхам болно гээд Цэц шийдчихсэн. Иймээс энэ асуудлыг хэлэлцэх нь өөрөө Үндсэн хуулийн бус шинжтэй үйлдэл юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж