Монгол аялгуугааас Икэлийн эгшиг хүртэл | News.MN

Монгол аялгуугааас Икэлийн эгшиг хүртэл

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

Монгол аялгуугааас Икэлийн эгшиг хүртэл

Өндөр нуруутай, үндэсний дээлээр гоёсон гадаадын иргэд Улсын филармонийн концертын танхимд цөөнгүй харагдана. Герман улсын иргэн Андреа Гореци Юндэн Гөөгөө шиг хувцаслаж, морин хуураа нуруундаа үүрсэн харагдана. Эдгээр гадаад хүмүүс Морин хуурын олон улсын V наадмын нээлтийн тоглолтыг сонирхохоор ирсэн нь энэ байлаа. Мөн өдгөө цагт соёлын өвөө тээж, залгамжлан ирсэн 10 ардын авьяастан ч хүрэлцэн иржээ.

Нийслэл хотноо 2008 оноос хойш хоёр жил тутам зохион байгуулагддаг уг наадмын хүндэтгэлийн концертоор морин хуурын шилдэг уран бүтээлүүдийг сорчлон хүргэдэг уламжлалтай. Энэ жилийн наадмын нээлтээр ч мөн ялгаагүй өнгөрсөн хоёр жилийн хугацаанд морин хуурын хөгжилд ямар амжилт гарсныг тоглолтоор харуулахыг зорьжээ.

Энэ жилийн тоглолт товлосон цагаас 20 минутын хожуу эхэллээ. Зарим гадаад оролцогчид “Монгол цаг сайхан” хэмээн хоорондоо ярилцаж сууна. Удалгүй тоглолтын тайзнаа бүх морин хуурчид байраа эзэлж, удирдаач Д.Түвшинсайхан дохиуртайгаа гарч ирэн мэхийн ёсолсноор тоглолт эхлэв.

Концертын танхимын нам гүмийг эвдэн Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г эгшиглүүллээ. Сэтгэлд дотно тэр л морин хуурын аялгууг сонссны дараагаар Төрийн хошой шагналт, Урлагийн зөвлөлийн тэргүүн Н.Жанцанноров хүндэтгэлийн тоглолтыг нээж үг хэлсэн юм. Тэрээр энэ жилийн наадмаар урьдны жилүүдийнх шиг сүржин байдлаасаа татгалзаж, илүү мэргэжлийн тал руугаа анхаарал хандуулахыг хичээж буйг онцолж, хүрэлцэн ирсэн зочдоо танилцуулсан юм.

Аав хүү гурвын тоглолт

 Соёл урлагийн их сургуулийн морин хуурын оркестр анх удаа уг наадмын тайзнаа гарч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүүгийн “Замбуулин” хэмээх бүтээлийг түүний бага хүү П.Мөнхжин удирдан хүргэсэн. Морин хуурын оркестрын татлага, ая дан бүр нь нүдэнд  морины төвөргөөнийг дүрсэлж, сэтгэл огшоож байлаа. Харин хүндэтгэлийн тоглолтод түүний ах Монгол улсын Ерөнхийлөгчийн шагналт, Дэлхийн урлагийн олимпийн алтан медальт П.Тэмүүжин БНСУ-аас хүрэлцэн ирж, төгөлдөр хуурч Ц.Уртнасантай хамтран Төрийн шагналт Ц.Нацагдоржийн “Бассо остинато” хэмээх дөрвөн утастай сонгодог хөгжмийн зохиолыг морин хуураар хэрхэн тоглохыг тун чадварлагаар хуурдаж сонирхууллаа. Түүний тоглолтыг үзсэн зарим үзэгчид морин хуураар яаж ингэж тоглож байгааг гайхан ярилцана. Ийн аавын хүү гурвын морин хуурын аялгуу хүндэтгэлийн тоглолтыг нэгэн томоохон чимэг болж байлаа.

Ширэн цартай хуурын аялгуу

Морин хуурын чуулгын хамт олон энэ удаагийн наадамд хус, гацуур, агч модоор урласан ширэн цартай морин хуураар хуурдлаа. Мөн шинээр зохион бүтээсэн дунд, их хуураас гадна уламжлалт үндэсний ятга, ёочин зэрэг хөгжмийн зэмсгүүдээр ая эгшгээ өргөн барьлаа. Тус чуулгынхан Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Хэрлэн барсын дууль” уран бүтээлээр үзэгчдэд бэлэг барьсан юм.

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуурын дөрвөл уран бүтээлийг Ардын жүжигчин Ч.Батсайхан, Монгол улсын Ерөнхийлөгчийн шагналт Б.Тогтохжаргал, О.Баттөгс, С.Амарсанаа нар эгшиглүүлэв. Үүний дараагаар Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын дөрвөл Карлос Гарделийн “Пор уна Кабеза”-г уянгалуулсан бол Де Поперын “Унгар вальс”-ыг Монгол улсын Ерөнхийлөгчийн шагналт Р.Амарбаяр хүргэлээ. Мөн хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнийн “Айсуй цагийн төвөргөөн” бүтээлийг Улаанбаатар чуулгын морин хуурчид хуурдаж, удирдаач Р.Ганбат удирдлаа. Морин хуураар үндэсний уран бүтээлийг тоглохоос гадна дэлхийн хэмжээний томоохон симпониудыг тоглож байгаа нь манай морин хуурчдаас ямар нарийн ур чадвар шаардаж буйг илтгэх биз ээ.

Ийн морин хуурын V наадам хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээлээр эхэлж, Ц.Пүрэвхүүгийн “Икэлийн эгшигт нутаг минь” хэмээх уран бүтээлийг бүх морин хуурчид удирдаач Д.Түвшинсайхны удирдлагаар эгшиглүүлснээр хүндэтгэлийн тоглолт дууссан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж