Намын хурлын өмнө Пхеньян өнгө засав

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

Намын хурлын өмнө Пхеньян өнгө засав

Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын их хурал маргааш /V.6/ эхэлнэ. 36 жилийн дараа удирдагч Ким Чен Уны дэглэмийн үед анх удаа болж буй намын их хуралд Пхеньян онцгой анхаарал тавьж байна. Хурлын үеэр аюулгүй байдлын үүднээс хурим, оршуулгын ёслолыг хориглосноос  үзвэл энэ хэр чухал үйл явдал болохыг тааж ядах юмгүй. Хурал Пхеньяны “дөрөвдүгээр сарын 25-ны соёлын ордон” нэртэй газар болох юм.

Намын их хурлын бэлтгэлд Пхеньяны иргэн бүр гар бие оролцож, нэг цагийн өмнө ажилдаа гарч, нэг цагийн хойно амарч байна.  Пхеньяны байшин барилга, замын хашлага шинэхэн будгаар өнгө засч, гудамж, автозамын дагуу төрийн далбааг байрлуулжээ. Мөн удирдагч Ким Ир Сений нэрэмжит цэнгэлдэхийн гаднах талбайд улаан дарцаг барьсан хүүхдүүд үзүүлбэр бэлтгэж буйх аж. Аюулгүй байдлын хяналт сүүлийн өдрүүдэд нэн чангарч, жуулчдын гэрэл зургийн камер, мемори карт зэргийг нь шалгажээ. Хойд Солонгосын намын их хурлыг сурвалжлахаар олон орны сэтгүүлчид Пхеньянд очсон байна.

Хөдөлмөрийн намын их хурал бол Хойд Солонгосын гурав дахь үеийн удирдагч Ким Чен Уны эрх мэдлээ бататгах боломж юм. Намын их хурлаар Хойд Солонгосын эдийн засгийн өсөлт болон цэргийн хүчирхэгжилтийн талаарх Ким Чен Уны бодлогыг хэлэлцэх гэнэ. Хөдөлмөрийн намын сүүлчийн их хурал 1980 онд болж байв. Эх сурвалж: Bloomberg

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж