Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргах төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ба цахим мэдээллийн сүлжээнд байршуулдаг.
Тэгвэл удаан хүлээсэн ХОМ-ийг АТГ өөрийн вэйб хуудастаа байршуулжээ. 2016 онд нийт 225 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтэлж, цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаас албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 220 албан тушаалтны мэдүүлгийг хуульд заасны дагуу “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн №18/927/ дугаарт болон Авлигатай тэмцэх газрын www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.
Төрийн гурван өндөрлөгийн тухайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жилд 88 сая 233 мянга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 33 сая 401 мянга, УИХ-ын дарга З.Энхболд 48 сая 816 мянган төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Мөн УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нар хувьдаа машингүй гэж мэдүүлсэн бол Ерөнхий сайд Lexus-570-тай гэж мэдүүлсэн байна. Тэрээр тус автомашинаа 190 сая төгрөгөөр үнэлжээ.
Төрийн түшээд ХОМ-тээ хамгийн багадаа 1-3 орон сууц эзэмшдэг гэдгээ мэдүүлсэн байгаа юм. Харин төрийн гурван өндөрлөгийн тухайд Ч.Сайханбилэг нэг орон сууцтай бол нөгөө хоёр нь тус бүр хоёр орон сууц эзэмшдэг аж.
Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө хямралын гэгдсэн өнгөрсөн жил буурах бус өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ линкээс үзнэ үү.
Л.ХАЛИУ