Мод, бут, сөөг бүгд ялгаатай

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

Мод, бут, сөөг бүгд ялгаатай

1. МОД – Нэг бүдүүн голлосон иштэй, олон жил насалдаг /100-500 /, өндөр /10-40 м/ том модлог ургамал. Жишээ нь  улиас, улиангар, тоорой, хайлаас, хус, шинэс, нарс, гацуур, хуш, жодоо гэх мэт.

Моднууд

Ээж хайрханы ойролцоох тоорой моднууд

Хайлаас мод, цаана нь бургас, моносны /бутнууд/ төгөл

Тоорой модтой сухайн /бут/ төгөл, Алтайн Алаг нуурын говьд

Жодоо, Нарс

Шинэс модон ой

2. БУТ – уг орчмоосоо буюу үндэсний хүзүүнээсээ олон салаа иштэй, харьцангуй цөөхөн жил насалдаг /10-50/ , том мод шиг өндөр  ургадаггүй модорхог /1-8м/ ургамал. Жишээ нь  харгана, буйлс, гүйлс, балгана, бургас, монос, тошлой, сухай, нохойн хошуу, үхрийн нүд, чацаргана, тэс, гандигар, долоогоно, жигд, чаргай, яргай.

Харгана / шар хуайс/

Гүйлс

Буйлс

Гандигар

Тэс

Сухай

Чацаргана, тэс, үхрийн нүд

Тошлой, үхрийн нүд, чацаргана

3. СӨӨГ – бутлан ургадаг, өвдөг ташаагаар татам намхан модлог ургамлыг хэлнэ.  Жишээ нь боролзгоно, тавилгана, арц, зээргэнэ, тэсэг, бударгана, даль, сургар, нэрс, анис гэх мэт.

Боролзгоно

Арц, Алтайн нуруунд

Нэрс

Мод жимсний суулгац тарих нүх ухах арга ажиллагаа

Мод , бут, сөөгний нүхийг ухаж бэлдэхдээ дараах байдлаар ангилдаг.

1. Шилмүүст модонд 100см голчтой, 80см гүн,  харин навчит модонд 80см голчтой,  60см гүн нүх ухна.

2. Тус тусд /ганцаарчлан/ нь суулгах бут, сөөгөнд 60см голчтой, 50-60 см гүнтэй нүх бэлднэ.

3. Нэгээс хоёр эгнээ ургамалан хашлаганд 50см өргөн, 50см гүн шуудуу ухна. Хамгаалатын ургамалан хашлаганд  зориулж бут сөөг тарьдаг.

  • Нүх ухах үед өнгөн хэсгээс гарсан хар шороог /үржил шимт хэсэг/ нэг дор овоолж тавина.Харин хар шорооны дараа гардаг цагаан шороо, лаг шавар, хайрга, чулуугэхний хэсэгтэй хольж болохгүй тусд нь овоолно. Энэ үржил шимгүй хоёр дахь хэсгийг эргүүлэн нүхэнд хийж ашиглаж болохгүй, түүний оронд зориуд тээвэрлэн авчирч бэлдсэн хар шороо, бүдүүн ширхэгтэй элс, өнжсөн хөх бууц зэргийг сайтар хольж ухсан нүхэнд хийж өгнө. Тэгэхдээ хар шороо 60%, элс 30%, бууц 10% байх ёстой.

Баруун талын гарт өнгөн хэсгийн үржил шимт хөрс /хар шороо/ байна. Зүүн талын гарт доод хэсгийн цагаан шороо гарч ирсэн байна.

Мод тарих нүхийг аль болох эрт ухаж бэлдэх хэрэгтэй. Болж өгвөл нэг хоёр сарын өмнө, бүр нэг жилийн өмнө бол тун сайн. Мод тарьж буй албан байгууллага, хувь хүмүүсийн ихэнх нь анхаарч үздэггүй нэг том алдаа байдаг. Тэр нь юу бэ? гэвэл тухайн мод ,бут, сөөг байгаль дээр ургаж байхдаа ямар хөрсөнд, ямар орчинд /агаарын чийг, хөвд, хөрсний ус гэх мэт/ байгааг нь тарих нүхэндээ бүрдүүлж өгдөггүй, тийм учраас манайхан сүүлийн 30-50 жилд хавар болгон мод тарьдаг , урд жилийн тариад ургаагүй модоо авч хаядаг. Мөн ч их хөрөнгө, хөдөлмөр үрэн таран хийлээ дээ.

Хар цагаан шороог хольсон байна

Модны нүхнүүдийг буруу ухаж байгаа нь /хар, цагаан шороог хольсон/

Монголчуудын сайн мэддэг бургас, монос, чацаргана гэхэд л Сэлэнгэ, Орхон, Тэс, Ховд голын элс, хайргатай сийрэг, байнгын ус чийгтэй хөрсөнд ургадаг шүү дээ, иймээс энэ 3 бутанд тийм л нөхцөл бүрдүүлж өгөх ёстой. Гэтэл бид лаг хар, цагаан, шар шавартай хөрсөнд чацаргана, монос тариад, усаар гачигдуулаад үхүүлдэг. Мөнх ногоон нарс, гацуурын ургах нөхцлийг олонх хүмүүс огт бүрдүүлж чаддаггүй борцолжхатаагаад авч хаядаг тал бий. Харин сүүлийн жилүүдэд ажилч хичээнгүй цөөн тооны айл өрх сайхан цэцэрлэгтэй болж байна. Тэднээс суралцах хэрэгтэй.

Эхлээд хэдэн жил навчит мод, хамгаалалтын бут олныг тарьж ургуулаад хашаандаа чийглэг /микроклимат/ орчин бүрдүүлсний дараа гацуур, нарс, арц зэрэг мөнх ногоон мод бутаа тэдний сүүдэрт, чийглэг орчинд тарих нь зохимжтой. Мод, бут бүр өөр өөр хөрсөнд ургадаг. Иймээс ямар ямар мод бут тарихаас хамаарч тухайн ургамалд тохирсон хөрс шороо нүхэнд нь хийж өгөх, орчин нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Тэгвэл таны тарьсан мод бут болгон ургана.

О.ДҮГЭРСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж