“Зэс эрдэнэ хувь” компанийнхан Ерөнхий сайдад өргөх бичиг барина

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

“Зэс эрдэнэ хувь” компанийнхан Ерөнхий сайдад өргөх бичиг барина

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр Орхон аймгийн иргэдийн нэгдэл “Зэс эрдэнийн хувь төслийг дэмжигчдийн зөвлөл”-өөс Ерөнхий сайд С.Батболдод хандаж өргөх бичиг барих болсон талаараа мэдээлэл хийлээ.

Орхон аймгийн 30 орчим мянган иргэн өөрсдийн хувь хөрөнгөө нийлүүлэн  “Зэс эрдэнийн хувь” нэртэй компанийг үүсгэн байгуулжээ. Мөн  тус компанийн дэргэд “Зэс эрдэнийн хувь” төслийг дэмжигчдийн зөвлөл байгуулан бүтэн жилийн турш Эрдэнэт үйлдвэрийн ашиглагдахгүй байгаа нөөц дээр тулгуурлан үйлдвэр байгуулахаар эдийн засгийн нарийвчилсан тойм үнэлгээ хийсэн байна. Тус компани нь тодорхой бүтэцтэйгээр хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг аж. Эрдэнэт үйлдвэрийн  ашиглагдахгүй байгаа их хэмжээний нөөцийн талыг одоогийн байдлаар АНУ-ын хөрөнгө оруулалттай “Эрдмин” компани 15 жилийн туршид ашиглаж байгаа. Тус компани нь жилдээ 30 орчим тэрбум төгрөгийн орлого олдог, долоон тэрбум төгрөгийн зарлага гаргадаг, улс орон нутгийн төсөвт таван тэрбум төгрөгийн татвар төлдөг, үндсэндээ 15 тэрбум орчим төгрөгийн ашиг олдог маш авсаархан 100 гаруй хүний ажлын байртай юм. Иймд Орхон аймгийн иргэд үүний адил үйлдвэр байгуулахаар өөрсдөө хөрөнгөө мөнгөө гаргаад зохион байгуулалтаа хийгээд боловсруулсан санал, хийсэн эдийн засгийн тооцоо үндэслэлээ Эрдэнэт үйлдвэрийн зөвлөл, Монгол улсын төрийн өмчийн хороонд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард танилцуулжээ. Үүний хариуд Эрдэнэт үйлдвэрийн зөвлөл буюу Орос, Монголын талаас тэр ашиглахаар зорьж буй овоолгууд дээрээ технологийн туршилт явуул гэж даалгавар өгчээ. Гэвч Эрдэнэт үйлдвэр өнөөдрийг хүртэл туршилт явуулахаар албан бичгээ удаа дараа илгээсэн “Зэс эрдэнийн хувь” компанийнханд тоймтой хариу өгөөгүйн дээр өнгөрсөн тавдугаар сарын 19-нд Эрдэнэт үйлдвэрийн 45 дугаар хуралдаан болж, “Зэс эрдэнийн хувь” компанийг технологийн туршилт явуулаагүй гэсэн үндэслэлээр энэ төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Тус компанийнхан Төрийн өмчийн хороонд Эрдэнэт үйлдвэрийн байр байдлын талаар мэдэгдсэн ч Төрийн өмчийн хорооны дарга албан бусаар “Та нар өөрсдөө Эрдэнэт үйлдвэртэй учраа ол” хэмээн хариу өгч байжээ. Төрийн өмчийн хороо Эрдэнэт үйлдвэрийн оролцоотой зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэрэг гаргасан бөгөөд тэдэнтэй уулзаж зөвшилцөлгүй уг ажлын хэсэг гаргасан шийдвэр дүгнэлтээ Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлөөр оруулан дээрх шийдвэрийг гаргажээ. Иймд “Зэс эрдэнийн хувь” компанийнхан Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод хандаж, өргөх бичиг хүргэн асуудлаа шийдүүлэхээр болжээ.

Г.Даша

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж