Цагдаагийн ерөнхий газрын Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвөөс сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд уг тэмцээнийг 33 дахь жилдээ зохион байгуулжээ.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар Замын цагдаагийн тасаг хамтран жил бүр зохион байгуулсан “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээн өнөөдөр /2016.05.05/ Монголын хүүхдийн ордонд болсон юм. Тэмцээнд нийт 216 хүүхэд замын хөдөлгөөний мэдлэг, ур чадвараараа өрсөлдсөн юм. Тэмцээн зохион байгуулагчид:
-Замын хөдөлгөөнд оролцогч гэхээр голчлон насанд хүрэгчдээр л төсөөлдөг. Гэвч хүүхдүүд ч зорчигчид юм. Сүүлийн үед хүүхдүүд зам тээврийн осолд орж, гэмтэх нь олширч байгаагаас харсан ч замын хөдөлгөөний тухай ойлголтыг багаас нь таниулж, замаар зөв боловсон зорчих дадлыг суулгах шаардалагатай байгаа юм. Тиймээс ч “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээний зорилго нь сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэгийг хүүхэд багачуудад таниулахад оршиж буй юм хэмээн хэллээ.
Өнөөдрийн тэмцээнд 25 дугаар цэцэрлэг тэргүүн байрт шалгарч, хоёрдугаар байрт 143 дугаар цэцэрлэг, гуравдугаар байрт 75 дугаар цэцэрлэг, тусгай байрт 14 дүгээр цэцэрлэг тус тус шалгарлаа.
Д.ЦЭЭЛ