Францын “Agence France-Presse” мэдээллийн агентлагт Монголын унаач хүүхдүүдийн асуудлаар сурвалжлага нийтлэгдсэнийг орчуулан хүргэж байна.
Монголын хязгааргүй тал нутгаар хурдан мориор уралдах долоон нас ч хүрээгүй унаач хүүхдүүдийн мөрөөдөл нь уралдаанд түрүүлэх. Гэвч бага насны унаач хүүхдүүд хурдан мориноос унаж бэртэх, уяачдын зодуур, дарамттай нүүр тулгарах нь элбэг. Цэндсүрэнгийн Будгарав 11 настай байхдаа мориноос унаж гуяндаа гэмтэл авснаар түүний итгэл найдвар хар дарсан зүүд болж хувирчээ. Уяачид түүнийг эмчлүүлэхээс татгалзаж, дуугүй байхыг сануулсан байна. Тэрээр жилийн дотор хагалгаанд орж чадаагүйгээс бараг хэвтрийн хүн болсон аж.
Өдгөө 17 настай Будгарав таяг тулаад явж чаддаг болохын тулд ээлжит хагалгаандаа орж байна. “Би тэр өдөр мориноос унасандаа их гунигладаг. Би тэр морийг унаагүй байсан ч болоосой” хэмээн эмнэлэгт хэвтэж байхдаа нүдэндээ нулимстай ярьжээ. Будгарав морь унаж байр эзлээд олон медаль, шагнал авсан байна. Гэвч уяач нь түүний духан дээр шүдэнз зурж байгаа юм шиг хавирдаг байсан гэнэ. Тэр энэ тухай хэзээ ч ээждээ хэлж байгаагүй гэв. Будгаравын ээж нь хөгжлийн бэрхшээлтэй ганц бие эмэгтэй. Тэдний гэр бүл нийгмийн халамж болон өндөр настай аавынх нь тэтгэврийн мөнгөөр амь зуудаг аж.
Будгаравын эмчилгээний зардлыг төлөхийн тулд дүү Мөнх-Эрдэнэ нь сарын 75 ам.долларын цалинтайгаар унаач болжээ. Уралдаанд түрүүлж авсан медалиуд одоо ч гэрийнх нь улаан хивсэнд гялалзах аж. Гэвч 2013 онд өвлийн уралдааны үеэр дүү Мөнх-Эрдэнэ мориноос унаж толгойдоо хүнд гэмтэл авсан байна. Гэмтлийн улмаас Мөнх-Эрдэнэ байнгын толгой нь өвдөж, мартамхай болсноос сургуульд сурах боломжгүй болжээ. Өдгөө 14 настай Мөнх-Эрдэнэ “толгой хагарах гэж байгаа мэт өвдөхөөр өөрийн эрхгүй уур хүрдэг. Би сурсан хичээлээ маш хурдан мартчихдаг” хэмээн ярьсан байна.
Чингис хааны арми Евроазийн газар нутгийн нэлээд хувийг эзлэхэд тусалсан монголчуудын морь унах чадвар олон зууны туршид хурдан морины уралдаанаар уламжлагдан иржээ. Монголд жилд 600 орчим хурдан морины уралдаан болдог бөгөөд шагнал нь автоашин, бэлэн мөнгө байдаг. Засгийн газрын хүүхэд хамгаалах агентлагийн мэдээлснээр 11 мянга гаруй унаач хүүхэд бүртгэлтэй. Тэдний 150 орчим нь монголчуудын хамгийн том баяр ёслол болох Наадамд хурдан морь унан уралддаг. НҮБ-ын хүүхдийг ивээх сангийн 2014 оны мэдээгээр 2012 онд 326 хүүхэд мориноос унаж толгой, ясны гэмтэл авч эмнэлэгт хэвтжээ. Судалгаанд 529 унаач хүүхдийг хамруулснаас таван хувь нь уяачдаа зодуулж, дарамтлуулдаг гэсэн байна.
Монголын хүний эрхийн үндэсний комиссын нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр унаач хүүхэд гэмтэж бэртсэний дараа зарга үүсгэхээс сэргийлэхийн тулд уяачид зориуд ядуу гэр бүлийг сонгож гэрээ хийдэг гэнэ. Унаач хүүхдүүдийг хамгаалахын тулд засгийн газарт өвлийн уралдааныг хориглох саналыг аймаг орон нутгаас гаргасан. Уг санаачилгад зуны уралдаанд ч унаач хүүхэд унаж бэртсэн тохиолдолд уяачдад шийтгэл оногдуулахаар тусгасан аж. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард өвлийн уралдаан уламжлал ёсоор болж, 16 хүүхэд мориноос унаж, хоёр нь хөлөө хугалсан гэнэ. Монголд уяачдын дотор Засгийн газрын гишүүд, компанийн захирлууд, улстөрчид зэрэг өндөр албан тушаалтнууд цөөнгүй байдаг.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.АНХТУЯА