-Эклерийн шошгонд үйлдвэрлэсэн огноог тавихдаа үйлдвэрлэсэн өдрөөр биш худалдаанд гаргасан өдрөөр буюу нэг хоногоор хойшлуулж бичдэг, хадгалах хугацааг 72 цаг гэж буруу бичсэн зэрэг олон ноцтой зөрчил дутагдал илэрчээ-
“Ньюсвийтфүүдс” болон “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлэсэн эклерээс үүдэлтэй хоолны хордлогоор 145 хүн өвдөөд байгаа билээ. Тэдний 96 нь ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлсэн бөгөөд 48 хүн нь эмнэлгээс гарчээ. Хордлого гарсан даруйд “Ньюсвийтфүүдс”, Олон сүм ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлэсэн, түгээсэн бүтээгдэхүүнийг эргүүлэн татуулж, үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа юм. МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж дээрх үйлдвэрийн байранд очиж, бодит байдалтай нь биечлэн танилцжээ. Эклер үйлдвэрлэгчид Баянзүрх дүүрэгт байрладаг учир тус дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга П.Цолмонгоор ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй баг 10 дахь өдрөө ажиллаж байгаа ажээ. Хордлого гарсан даруйд “Ньюсвийт фүүдс” ХХК-ийн 564 эклер, үйлдвэрийн байранд байсан 586, хугацаа дууссан бусад нэрийн 1105, “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехэд үйлдвэрлэсэн чанар, аюулгүйн баталгаажилтгүй эклер болон бусад нэрийн 1457 ширхэг бүтээгдэхүүнийг Цагаан давааны хогийн цэгт устгасан байна.
Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга П.Цолмон “Бид хоолны хордлого гарснаас хойш өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа. Одоогоор хордлого юунаас гарсныг нарийн тогтоохоор таван шинжилгээг нэмэлтээр авч Нийслэлийн төв лабораторид шинжлүүлж байна. Шинжилгээний дүн хараахан гараагүй байгаа. ХӨСҮТ-өөс “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 11 ажилчин, хүнсний дөрвөн дэлгүүрийн 13 ажилчин нийт 24 хүнээс шулуун гэдэсний арчдаст шинжилгээ авахад “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 11 ажилчны дөрөв буюу 36.6 хувьд нь, дөрвөн хүнсний дэлгүүрийн 13 ажилчнаас зургаа буюу 46.1 хувьд нь “Salmonella enteritidis” илэрсэн” гэсэн тайлбар өгчээ. Salmonella enteritidis гэх энэхүү нян нь агааргүй орчинд ч амьдрах чадвартай бөгөөд өвчилсөн тохиолдолд халдвар авснаас хойш 12-72 цагийн дараа хордогын шинж тэмдэг үзүүлж эхэлдэг ажээ. Өвчний ид үе 4-7 хоног үргэлжилж, ихэнх тохиолдолд тусгайлсан эмчилгээ хийлгээгүй байсан ч аяндаа эдгэрдэг. Гадны улс орнуудад энэхүү нян нь тахиа, гахайн мах, улаан лооль зэргээр дамжин халдварлах тохиолдол их байдаг байна.
“Ньюсвийтфүүдс” компанид хийсэн шалгалтаар нийт ажилчдын 38 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд огт хамрагдаагүй, бүтээгдэхүүн тус бүрт технологийн заавар боловсруулж баталгаажуулаагүй, мэргэжлийн технологичгүй, эклерийн шошгонд үйлдвэрлэсэн огноог тавихдаа үйлдвэрлэсэн өдрөөр биш худалдаанд гаргасан өдрөөр буюу нэг хоногоор хойшлуулж бичдэг, хадгалах хугацааг 72 цаг гэж буруу бичсэн зэрэг олон ноцтой зөрчил дутагдал илэрчээ. МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж уулзалтын үеэр “Мэргэжлийн хяналт төсвийн орлого бүрдүүлэх байгууллага биш, чиг үүргийнхээ дагуу ажиллах ёстой гэдгийг анхааруулж байна. Түүнчлэн Монгол Улсын хууль дүрмийн биелэлтийг хангаж ажиллуулах үүрэгтэй ч, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах, урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, тэдний итгэлтэй түнш байхын төлөө ажиллах хэрэгтэй. Эдийн засаг хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдэд төрийн нэрээр түрий барьсан ташуурыг хамаагүй далайх хэрэггүй. Харин урьдчилаад сануулаад байхад шаардлага биелүүлэхгүй бол хатуу арга хэмжээ аваарай” гэж захижээ.
Эклер, бялуу зэрэг кремт бүтээгдэхүүнд хүмүүс хордсон тохиолдол өмнө нь ч гарч байсан. Энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг сүү, цөцгий, жимс, өндөг зэрэг амархан гашилж, муудаж түүхий эдээр үйлдвэрлэдэг онцлогтой. Гэтэл бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноог зориуд бичдэг нь шалгалтаар тогтоогджээ. Энэ мэт уучилж боломгүй алдааг бусад үйлдвэрт ч давтагдаж болзошгүйг иргэд анхаарахад илүүдэхгүй болов уу. Крем, өрмөнцөр, жимс, цэлцэгнүүр гэх мэт эмзэг бүтээгдэхүүн хадгалалтаас ихээхэн шалтгаалдаг. Үйлдвэрлсэн огноог зөв бисэн байсан ч тээвэрлэж, хадгалсан нөхцөлөөс шалтгаалан амархан мудаж гэмтэх магадлалтай тул зориулалтын хөргөгчинд хадгалсан эсэхийг заавал шалгаарай хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна.
Д.ЦЭЭНЭ