Өвөрмөц хэллэгээ гайхан биширцгээв

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

Өвөрмөц хэллэгээ гайхан биширцгээв

Дарханы сэтгүүлчдийн Монгол хэлний тааварт уралдаан эхэллээ. Асуултанд ам уралдан хариулсаар гэвч үгийн утгаа онож гаргахгүй л байв. Хоёр дахь асуултанд бас л бүгдээр бүдэрлээ. Тэгтэл Анхбаяр тэндээс “-За Ара ах энэ гоё шагналаа хэнд нь ч өгөхгүй гэж хэцүү асуултууд бэлдсэн байхаа” гэж наргиа болгов. Гурав дахь асуулт нь “Сайны нөлөөгөөр муу нь сэргэх” утгыг илэрхийлсэн өвөрмөц хэлц олж хэлэх. Соёлоо түрүүлэн “Алтны дэргэдэх гууль шарлана” гэлээ. Зөв хариулжээ. Гэвч хөтлөгчөөс “-Болоогүй ээ, өөр үг бас байгаа” гэв. Энд тэндээс янз бүрийн үг хэлсэн ч хэн ч оносонгүй. Хариулт нь “Хулангийн тоосонд орсон илжиг гүйцэгдэхгүй” гэсэн хэллэг байв. Үгийнх нь утгыг дүрслэн бодонгуутаа бүгд нирхийтэл инээлдэх нь тэр. Нээрэн л хуйларсан тоосон дундахь жижигхэн илжиг харагдана. Дараагийн асуулт “-Долигнуур хүнийг юу гэж хэлдэг вэ?” Хоёр гурван ч хүн дөхүүлж хариулж байтал тэндээс Отгоо “Зусарч хүн зулгаа бардаг, зуудаг нохой соёогоо бардаг” гэлээ. Энэ хэллэг зөв байлаа. Хэлний буухиа улам хүчээ авч олон сонин хэллэг урсан хөвөрсөөр…Зөвхөн энэ цагийн төрийн сайд түшмэлүүдийн хуурамч зан авирыг шоолсон хэлц зүйрлэл л гэхэд дуусашгүй урт. “Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй”, “Үлдэх хүнээр ачаа бүү татуул”, “Ууланд адуу янцгаахад талд илжиг тонгочно”,”Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах”, “Сумаа тавиад нумаа нуух” гэх мэтээр. Юутай мэргэн онож хэлээ вэ?       

Уралдаан тун өрсөлдөөнтөй үргэлжилсээр Мэдээлэл технелогийн албаны дарга сэтгүүлч Х.Соёл-Эрдэнэ түрүүлж, “RGB” телевизийн редактор Б.Отгонбаяр удаалав. Шагнал нь уралдааныхаа агуулганд бүрэн нийцжээ. Ц.Дашдондов гуайн “Монгол Англи өвөрмөц хэлц, хэллэгийн их гарын толь”. Дөнгөж саяхан хэвлэлтнээс гарсан толиноос будаг ханхалж байлаа. Шагналын эзэд их гарын алтан толиноос адис хүртэн тосож авцгаав. Ийм гоё тольтой болсондоо хичнээн баяртай байгаа нь хоёр залуу сэтгүүлчийн царайнаас илхэн харагдана. Дашдондов гуайн толинд Англиасаа гадна зөвхөн Монгол өвөрмөц хэлц хэллэгийг А-аас Я хүртэл дангаар нь үзэж харахад л сонирхолтой гэж жигтэйхэн. Монгол өвөрмөц хэллэг ямар баян дэлгэрийнхээ хирээр утга санаа нь хичнээн гүн юм бэ гэдэг нь эндээс бүрэн тодорхой харагдана. Сэтгүүлч хүний эх хэлний мэдлэгийг баяжуулахад энэ толь жинхэнэ хэрэгтэй. Өвөрмөц хэллэгийн араас орсон орон орны онцлог үг хэлц, хавсралтанд байгаа монголжуу хэллэг, ардын гурав гээд бүгд сонирхолтой. Дарханы сэтгүүлчдийн нийтлэл сурвалжлагууд уралдааны дараах энэ мөчөөс эхлэн эх хэлнийхээ баян тансаг өвөрмөц хэллэг хэлцүүдээр чимэглэгдэн уншигч үзэгч сонсогчиддоо хүрэх нь эргэлзээгүй. Тэд ч тэмцээнээсээ урам авч дор бүрдээ эрэгцүүлж, уран яруу хэллэгийг алхам дутамдаа ашиглаж олон нийтэд үлгэр жишээ үзүүлэх юмсан гэсэн хүсэл нь оргилжээ. Чихний чимэг Монгол хэлнийхээ ширгэшгүй арвин сангаас ямагт суралцацгаая!  

Ө.Рагчаасүрэн. Дархан хот. Бурхантын хөндий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж