“Хүчирхийлэгчтэй” өнгөрүүлсэн хэдэн хором…

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

“Хүчирхийлэгчтэй” өнгөрүүлсэн хэдэн хором…

Пабло Пикассо “Надад музей өгвөл би дүүргэж өгье” гэж тэр үнэн хэлжээ. Александр Шадрины дэлхийд дөрөвт ордог цуглуулгын ачаар бид Сальвадор Дали уран тансаг баримал, Пабло Пикассогийн дэлхийг шуугиулсан уран зургуудын гайхамшгийг үзэж, мэлмий юугаа мялааж байна. Занабазрын нэрэмжит дүрслэх урлагийн музейн танхим эдгээр суутнуудын цуглуулгад “жижигджээ”. Тиймээс 200 бүтээлийг нь л дэлгэн үзүүлж буй аж. Гэхдээ дэлхийн долоон тэрбум хүнээс ховорхонд нь олддог боломжийг бид алдаагүйг азтай гэхээс өөр яах билээ.

“Зураг зурах нь өдрийн тэмдэглэл хөтлөх нэг хэлбэр

Би юмсыг харж байгаагаараа биш, бодож байгаагаараа зурдаг

Бухын тулаан, хаана ч байхгүй имперсионист, сюрреалист, кубист чиглэлийн уран барилга, уран зураг, гал цогтой испани хүүхнүүдийн ая дуу, зоримог баатарлагийг дуулсан утга зохиол, урт жад агссан Дон кихот түүний туслах илжиг унасан Санчо гээд төсөөлөхөөр яахын аргагүй Испани орны дүр төрх нүднээ бууна.

Цагтаа дэлхийг хамгийн хүчирхэг, өөрсдийн бий болгосон колониороо хамгийн том улсыг байгуулж байсан далайн хаанчлагч их гүрэн Испани байлдан дагуулалтаараа төдийгүй төрүүлж өсгөсөн гайхамшигт сод билэгтнүүдээрээ үлэмж алдартай билээ.

Догшин ширүүн давалгаат далай, усан үзмийн тариалан бүхий тослог улаавтар толгод, грек, араб, европ цус холилдсон эрэмгий зан авир бүхий энэ ард түмнээс дийлэнхдээ утга уран зохиол, уран зургийг шинэчлэгч нар төрөн гарсан гэхэд нэг их гайхаад байх зүйлгүй ажээ.

Чухам ийм л үндэс суурин дээр ХХ зуунд нэгэн гайхамшигт хүн мэндэлж уран зургийн ертөнцийг бүхэлд нь цочроожээ. Тэр бол Пабло Пикассо. Эв нэгдэл энх тайвны бэлгэдэл цагаан тагтааг анх тэр л зурж, кубизмыг үндэслэн сюрреализм, авангард урсгалыг зоригтой шүүмжлэхийн сацуу улам бүр эрч хүчийг нь оргилуулж байлаа. АНУ-ыг хамгийн хүчтэйгээр шүүмжилсэн цуутан тэр л байсан.

Түүний этгээд сонин амьдралын гол шүтээн нь эмэгтэй хүн байсан төдийгүй уран бүтээлийнх нь онгод хүч нь болдог байжээ.

Түүний бүтээлийг харж зогсоход нэг л ер  бусын “замбараагүй”, бас эрээ цээргүй тийм нэгэн хачин мэдрэмж төрнө. Хорьдугаар зууны аугаа зураачид болох Матисс, Пуссен, Руссогийн дэргэд өөрийн сүмбэр уулыг тэр босгож чадсан. Нөгөөтэйгүүр бараг бүтэн зуун жил наслахдаа бусад аугаа зураачдыг бодвол баян чинээлэг, элбэг хангалуун амьдралтай нэгэн байснаараа ихээхэн онцлог хүн байжээ.

Өнгөрсөн зууны их хүн, зураач Пабло Пикассо хувийнхаа амьдралыг урлагаас ерөөс салгаагүй нэгэн билээ. Тэрээр бүтээлдээ эмэгтэй хүний гоо үзэсгэлэн төгс дүр төрх, бэлхүүс цээж зэргийг өвөрмөц хэлбэрээр дүрсэлдэг нь зургийг нь харсан хэн бүхний харааг булаана. Тэдгээр зурагт дүрслэгдсэн хүүхнүүд бүгд их зураачтай ойр дотно байсан эмэгтэйчүүд бөгөөд тэд ихэвчлэн тамлуулсан, зовсон мэт дүртэй байдаг нь учиртай ажээ.

Пикассогийн эхнэр юм уу, нууц амраг нь солигдоход орон гэр, найз нөхөд, тэжээмэл нохой, ер нь бүх юм нь солигдоно. Тэр ч байтугай уран бүтээлийнх нь  арга барил, хэлбэр, зурагт дүрслэгддэг дүрүүд нь хүртэл өөрчлөгддөг байжээ.

Харин Сальвадор Далигийн хувьд бас л өвөрмөц авир, хачин нарийнхан урт сахлаар нь бид эчнээ танил болцгоосон. Тэрээр сургуулиа төгсөлгүй орхиж, намайг шүүмжлэх авьяас билигт нэг ч багш энэ сургуульд алга хэмээн хэлсэн нь өнөөдөр алдаршин үлджээ. Хувийн амьдралын хувьд ч хачин нэгэн. Тэрээр багын найзынхаа эхнэрийг булааж суусан “нүгэлтэн”. Гэсэн ч түүний уран баримлаас эрч хүч, уран тансаг, ертөнцийн гоо сайхны төсөөлөл болсон бүсгүй хүний уян тансаг байдал нэвт “үнэртэнэ”.     

…Пабло Пикассо ч ялгаагүй амьдралын шалтгаанаар сургуулиа орхисон.

Пабло өөрийн авьяасыг сургуулийн боловсролоор бататгахыг зорьсон боловч чадалгүй сургуулиас гарчээ. Ингээд тэр дээрэмчин залуус, янхан хүүхнүүдийн дунд боловсрол олохоор шийджээ. Энэ үед зурсан зургууд нь Барселоны жирийн амьдрал, бухны тулаан, найз нөхдийнх нь хөрөг байв.

Пабло богино хугацаанд Барселон, Мадридын зургийн ертөнцийг ардаа орхижээ. 1900 онд “Би ноён” хэмээн нэрлэсэн өөрийн хөргөө зурж Парисынхны анхаарлыг бардам төрхөөрөө татах үедээ тэр дөнгөж 18 настай байлаа.

Нэгэн удаа Фернанда Оливье хэмээх сайхан бүсгүй ширүүн бороо өнгөрүүлэхээр Паблогийн урланд санамсаргүй орчихжээ. Бороо зогссоны хойно Оливьег гарах гэтэл нэг гартаа муур барьсан Пабло элдвээр алиалан түүнийг саатуулжээ. Оливьег Паблогийн дотоод гал дөлийг илтгэсэн үл цавчих хачин харц сандаргажээ. Тэрээр бага зэрэг эсэргүүцсэн боловч… Паблотой есөн жил амьдарсан байна. Тэр хоёр өдөр болгон зураач, найрагчидтай уулзан ярилцаж, шөнөдөө Пикассо зургаа урладаг байлаа.

Ядуу боловч аз жаргалтай байсан амьдралынхаа энэ үед Пабло Фернандад дурласан сэтгэлээ уран зурагт “Улаан шаргал” хэмээн нэрлэгдсэн шинэ урсгалаар илтгэж эхлэв. Хожим алдартай цуглуулагчид болсон Гертруда Стайн ахынхаа хамт Пикассогийн зургийг худалдан авах боллоо. Тэрээр есөн жил “Маск” хэлбэрийн зургаар оролдож шинэ чиглэл гаргажээ. Энэ хугацаанд Пикассо Брактай учирч, эгэл жирийн урлагийг сонирхож, хэлбэр дүрслэлийг хялбарчлах, хагасалж илтгэх оролдлого хийжээ.

Үүний үр дүнд кубизм үүссэн гэдэг. Пикассо дурлалаас амархан уйддаг нэгэн байсан ч хэзээ ч шинэ бүсгүйтэй танилцахаас татгалзддаггүй нэгэн байсан гэж анд нөхөд нь дурссан байдаг. Эмэгтэй хүн түүний хувьд уран бүтээлийнх нь нарийн нандин чавхдас болно. Олон нийтийн зүгээс түүний энэ явдалд ихээхэн эгдүүцдэг байсан ч гайхамшигт уран бүтээлийнх нь өмнө бишрэн хүндэтгэж тэргүүнээ эрхгүй бөхийн хүндэлдэг байжээ.    

Пикассогийн зурагт ЭВА /жижигхэн биетэй Марсель Гумберт хэмээх эмэгтэй/ дүрслэгдэж байсан бол түүнийг өөд болсных нь дараа Римд Ольга Коклова хэмээх нэгэн орос генералын охиныг анхааралдаа авч, зурагтаа дүрслэх болсон аж. Ольга балетын урлагаар амжилтад хүрэх боломж байсан боловч алдар нэрд хүрэх замаа золиослон орхиж 1918 онд Пикассотой гэрлэжээ.

Пикассо 1927 онд метроноос гарч явсан 17 настай шаргал үстэй охиныг ажиглажээ. Пикассо түүний төгс үзэсгэлэнг харуут биширсэн гэдэг. Тэгээд шууд гараас нь шүүрч бариад “Би Пикассо байна. Хоёулаа гайхамшигт зүйлийг хийе” гэжээ. Тэр үед Мари Терез Вальтер урлаг, уран зураг огт сонирхдоггүй, Пикассо гэж хэн байдгийг ч мэддэггүй байжээ. Гэвч зураачийн өөрийг нь гэсэн өвөрмөц хүсэлд аргагүй автсан байна. Энэ мөчөөс Ольга, Мари Терез хоёр жинхэнэ дайснууд болцгоов. Пабло хагас бүтэн сайн өдрийг эхнэр хүүхэдтэйгээ өнгөрөөх боловч цаг ямагт Мари Терезтэй учирдаг байлаа. Пикассо Маритай байхдаа жинхэнэ эротизмыг мэдэрч, эдэлдэг байлаа.

Нэгэн сурвалжлагч Мари Терезээс Пикассо хэрхэн ажилладаг байсан тухай асуухад “Тэр эхлээд эмэгтэй хүн хүчирхийлдэг, дараа нь зургаа зурдаг байлаа. Цаадах эмэгтэй нь хэн байхаас шалтгаалахгүйгээр тэр ямагт ингэж л ажиллах хүчээ олдог байсан” гэжээ.

Хэдийгээр Пикассогийн хувийн амьдралд олон бүсгүйчүүд орж гарч байсан ч хамгийн нандин хүмүүс нь хүү Паоло, Мари Терез хоёр л байлаа. Тэр хорьдугаар зууны уран зургийн аугаа их өндөрлөгийг удтал эзэгнэсэн ч түүнээс хойш хэдэн арван жилийн турш эдүгээг хүртэл хаанчилсаар байна. Өнөөдөр уран зургийн кубизмын урсгалын сонгодог төлөөлөгчөөр Пикассогоор, сюрреализмыг Сальвадор Далигүйгээр төсөөлөхийн аргагүй. Бидний өмнө дэлхийн суут уран бүтээлчдийн сонгодог уран бүтээлүүд ийнхүү дэлгэгдэж байна. Энэ үзэсгэлэн энэ сарын турш гарна. Тиймээс интернэтээс л үзэх боломжтой байсан хүн төрөлхтний суут бүтээлүүдийн нэгээхэн хэсэг нь энэ удаад бодитоор харж, үнэрлэж, “амтлах” боломж ийн бүрджээ.

Гайхамшигт хүмүүсийн амьдрал нь уран бүтээл шиг нь хэзээ ч байдаггүйн жишээг энэ хоёр суутны бүтээлээс харахыг танд зөвлөх байна. Эргэж олдохгүй боломж шүү. Хачин жигтэй, эмэгтэй хүнийг хүчирхийлэн эзэмдэгч түүнээс авсан таашаалаа хэрхэн бүтээл болгосныг, сюрреализмын тэргүүн төлөөлөгчийн баримлын гайхамшгийг улаанбаатарчууд бишрэхээс өөр яахсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж