Нүүрсхүчлийн хийн татвараас бензинийг чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Нүүрсхүчлийн хийн татвараас бензинийг чөлөөлнө

Австралийн Ерөнхий сайд Жулия Гиллард Парламентаараа хэлэлцүүлэх гэж буй “нүүрсхүчлийн хийн татвар” буюу хүлэмжийн хийн ялгаруулалтад ногдуулах татвараас бензинийг чөлөөлнө гэж мэдэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шинэ хуулийнхаа төсөлд олон нийтээс дэмжлэг авахын тулд шатахууныг хасаж байна гэж зарим эх сурвалж бичжээ. Австралид амьдралын өртөг өндөр байгааг харгалзан бензинийг чөлөөлнө гэж өөрөө өчигдөр ABC телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна. Түүний нүүрсхүчлийн хийн татварыг буюу уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төслийг дэмжих австраличуудын тоо эхэндээ 41 хувь байсан бол одоо 24 хувь болон буурчээ. 

Хуулийн төслийг Парламентаараа батлуулахад Гиллардад Ногоон намтай хийх зөвшилцөл болон бие даагч гурван гишүүний дэмжлэг хэрэгтэй.
Нүүрсхүчлийн хий ялгаруулалтын тонн тутамд нь 10-25 ам.доллар ногдуулж магадгүй энэ хуулийн зорилго нь хийн ялгаруулалтаа багасгах арга хэмжээг компаниудаар авахуулахад оршиж байгаа юм. 

Хууль батлагдвал ган болоод цемент үйлдвэрлэгчдийн ашиг багасна. Жишээ нь 35 долларын татвар ноогдуулахаар болбол ган хайлуулах зардал тонн тутамдаа  бараг 85 доллараар нэмэгдэх юм. Гэхдээ хуулийн ачаар хүмүүс байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний талаар илүү сайн бодолцох ёстой болно. 

Австралийн Цаг уурын өөрчлөлтийн хороо одоо ногоон эрчим хүчний буюу нүүрстөрөгчийн тэг хаягдалтай үйлдвэрлэлд хөрөнгө оруулбал, эсвэл ашиглаж эхэлбэл айл өрх, аж ахуйн нэгж болон нүүрс үйлвэрлэгчдэд хэрхэн урамшуулал үзүүлэх тухай хэлэлцэж байна.


Б.Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж