бөхийн өргөөнд өнгөрсөн бямба ардын авьяастнууд чууллаа. Дуу хуур, бие
биелгээ, ардын бүжиг, гар урлал, хөөмий, үндэсний хөгжмийн гайхамшгийг
тээгчид ийнхүү Бөхийн өргөөнөө цуглан бүтэн жилийн турш үргэлжилсэн
Ардын урлагийн их наадмын шилдгүүдээ тодруулан нэгдсэн тоглолтоо
нийслэлчүүддээ толилууллаа. Сүүлийн арваад жил тасраад байсан “Ардын
урлагийн их наадам”-ын Гранпри шагналыг Төв аймгийн ардын авьяастан
Ж.Луутаав, Ш.Пүрэвсүрэн нар хүртэн цом, мөнгөн шагнал гардан авлаа. Тус
наадмын тэргүүн дэд байрт Хэнтий, Баян-Өлгий аймгийн ардын авьяастнууд
шалгарсан бол дэд байрт Баянзүрх дүүрэг, Өмнөговь, Ховд аймаг тус тус
тодорлоо. Харин наадмын тусгай байрыг Өвөрхангай, Баянхонгор аймгийн
ардын авьяастанууд эзэллээ.
Энэ удаагийн наадамд 512 ардын
авьяастан, 195 урлаачийн 600-аад бүтээл шалгара, алт, мөнгө, хүрэл «Од»
энгэртээ гялалзууллаа. Наадмыг зохион байгуулах комисс медаль гэдэг
үгнээс татгалзаж ардын авьяастнуудаа үндэсний «Од»-ууд хэмээн
нэрийдэхээр болсон юм. Тус наадмын нэгдсэн арга хэмжээнд оролцох ардын
авьяастан, гар урчуудын бүтээлийг шалгаруулах улсын шүүгчийн ахлагчаар
Соёлын өвийн төвийн Биет бус соёлын өвийн хэлтсийн дарга С.Юндэнбат,
нарийн бичгийн дарга З.Соёлмаа, Соёл, урлагийн хорооны мэргэжилтэн
Б.Ариунаа, шүүгчээр ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат
зүтгэлтэн П.Хаянхярваа, гавьяат жүжигчин З.Жарантав, СУИС-ийн багш,
урлаг судлаач, доктор С.Бадрал болон мэргэжлийн уран бүтээлчдийн баг
ажиллаж аймаг бүрээс 20 хүртэлх авьяастан, 30-50 урчуудын бүтээлийг
сонгон шалгаруулсан билээ.
Дашрамд сонирхуулахад БСШУ-ны сайд
өнгөрөгч оны зургадугаар сарын 24-нд «Ардын урлагийн Их наадам 2011»-ыг
зохион байгуулах тухай тушаал гаргаж бүх аймагт хүргүүлснээр сүүлийн
арван жил завсардаад байсан “Ардын урлагийн их нааам”-ыг өргөн олон
түмнийг хамруулан зохион байгуулах ажлыг эхлүүлсэн билээ. Эл тушаалаар
таван жил тутамд нэг удаа зохиож байхаар болон их наадмын анхан шатны
шалгаруулалтыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан аймаг, дүүрэг зохион
байгуулж, шалгарсан авьяастнуудаа урамшуулсан юм. Ардын урлагийн II
шатны шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын
26-ныг дуустал орон даяар зургаан бүс нутагт амжилттай болсон билээ.
Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.