Оросын мафийн эсрэг Матрёшка ажиллагаа

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

Оросын мафийн эсрэг Матрёшка ажиллагаа

Европын цагдаа нар “Матрёшка” нэртэй бас нэгэн далайцтай ажиллагааг гүйцэтгэн явуулсан нь өчигдөр дэлхий нийтдээ ил боллоо. Тэдний хэлж буйгаар энэ хэрэг нь Оросын мафи, эрүүгийн гэмт хэрэг, оффшор үйл ажиллагаатай гүйлгээний компаниудаас гадна Португалийн хөлбөмбөгийн багийг ч хамарсан том хэрэг гэнэ.

Хэдийгээр Европолийн зүгээс хэргийн цаад эзнийг зарлаагүй боловч Португалийн албаны хүмүүс CNN агентлагт энэ талаарх мэдээлллийг өгсөн байна. Энэхүү хэргийн цаана Португалийн хөлбөмбөгийн Uniao de Leiriа багийн эзэн, Оросын бизнесмэн Александр Толстиков бий бөгөөд түүнийг цагдан хорих хангалттай нотолгоо цугларчихаад байгаа юм байна.

Европол болон Португалийн цагдаагийн газрууд энэхүү нууц мөрдлөгө анх А.Толстиковыг Uniao de Leiria багийг худалдаж авсан 2014 оноос хойш эхлүүлжээ.

Португалийн Эрүүгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх хэлтсийн дарга Антонио Синтрагийн өгүүлснээр, А.Толстиков нь хэд хэдэн ноцтой гэмт үйлдлүүдийн эзэн болох нь тогтоогдсон. Тодруулбал, татвар төлөхөөс зайлсхийсэн, гэмт хэргийн бүлэглэлтэй холбогдсон, мөнгө угаасан, авилгал болон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх зэрэг хамаг л дуулиантай хэргүүдийн эзнээр цоллогдож буй гэнэ. Ноён Синтрагийн дурдсанаар энэхүү хэрэгт А.Толстиковоос гадна түүний хөлбөмбөгийн багийн удирдах албан тушаалтнууд болон санхүүгийн ажилтнууд ч бас хамаатай гэнэ. 

Одоогийн байдлаар Uniao de Leiria хөл бөмбөгийн багийн зүгээс ямар нэгэн мэдээлэл хийхээс татгалзаж байна.

Европыг хамарсан гэмт бүлэглэл

Ойролцоогоор 70 орчим Португалийн цагдаагийн офицер нар Португаль улсын Лисабон, Лейра, Брага болон Висеу зэрэг хотуудын нийт 22 байршилд нэгэн зэрэг нэгжлэг хийжээ. Нэгжлэг хийсэн газруудын тоонд А.Толстиковын гэр, компаниуд, машин, санхүүгийн баримтаа хадгалдаг оффис, хуулийн фирм болон түүний эзэмшдэг Uniao de Leira's баг болон тус улсын “SC Braga” багуудын хөлбөмбөгийн стадионууд, цаашлаад “Бенфика” болон “Спортинг” зэрэг багуудын оффисыг шалгажээ.

Нэгжлэгийн үр дүнд хэдэн мянган евротой тэнцэх таван зуутын дэвсгэртүүдийг бэлнээр олдсон байна. Харин гэмт хэргийн хүрээнээс хальж ямар ч буруугүй “Бенфика” болон “Спортинг” багуудыг нэгжсэн тухайд тайлбар хийхдээ: “Эдгээр багуудыг бид юунд ч буруутгаагүй. Эдгээр багуудад “Uniao de Leira” багаас наймаалагдаж ирсэн Оросын тоглогчид байдаг учраас уг хэрэгтэй холбоотой баримт олж болзошгүйн улмаас шалгалт хийсэн” гэсэн байна.

Европын хууль сахиулах байгууллага болох Европолийн өчигдөр мэдээлснээр одоогийн байдлаар тэд Александр Толстиковыг хөлбөмбөгийн багийнх нь хоёр ажилтны хамтаар баривчлаад буй бөгөөд тэднийг 2008 оноос хойш Европын Холбооны хэд хэдэн улсуудаар дамжуулж хэдэн сая евро угаасан хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. Тэдний хэргийг шүүх анхны хурал өнөөдөр явагдах юм.

Одоогийн байдлаар тодорхой болсон мэдээллээр энэхүү мафийн бүлэглэл нь Австри, Эстон, Герман,Латви, Молдов болон Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс зэрэг Европын Холбооны 6 улсад онц ноцтой зохион байгуулалттай, бохир мөнгөтэй холбоотой гэмт хэргийн үйлдэгчид болох нь тодорхой болжээ. Тиймээс тэднийг Европын Холбооны хуулийг зөрчигчид хэмээн Европол зарлалаа.

Хөл бөмбөг ямар үүрэгтэй гэж?

Uniao de Leiria баг нь Хосе Моурино гэгчийг багийнхаа дасгалжуулагчаар ажиллуулдаг бөгөөд тэрээр 2012 оноос хойш санхүүгийн хувьд хүнд үетэй тулгараад байсан нь ийнхүү Uniao de Leiria багт очсоноор нааштайгаар шийдэгдэж байсан юм. Тэрээр үүнээс өмнө Челси болон Манчэйстер Юнайтед зэрэг томоохон клубуудын дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Европолийн мэдээллэж буйгаар Лейра хот нь хөлбөмбөгийн багуудынхаа санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж энэхүү их хэмжээний мөнгө угаалтын бай болсон байхыг үгүйсгэхгүй ажээ. Улмаар шинэ Орос эзнийхээ ачаар их хэмжээний хөрөнгө оруулалт болоод хандив нэрийдлээр мөнгө угаадаг дамжуургын шат болсон байжээ.

Хөлбөмбөг гэдэг бол маш их хэмжээний бооцоо худалдан авалт эргэлдэж байдаг спорт учир нэг баг нэг бизнесмэний мэдэлд очиход өөрсдийн хийж буй хэргүүдээ халхлах тун сайхан шалтаг болсон нь илэрхий байгаа юм. Мөн дэлхий даяар нүүрлэсэн санхүүгийн хямрал хүмүүсийг амьдрахын тулд хэрхэн бохир мөнгөтэй гар барихад хүргэж буйг энэ явдлаас харж болно. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж