Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС
Мэхт мэхэндээ

Эвсэх санал тавьчихаад эргэж бухсан МАХН-ын даргад МАН хариуг нь хатуухан барилаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар төрхөмдөө буцсан нь МАН-ын зүгээс МАХН-ын даргаас өшөөгөө л авч байгаа хэрэг юм. Цаашлаад МАХН-ын даргын УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгээр дамжуулж хууль тогтоох эрх мэдэлд нөлөөлж байгааг хязгаарлав.

Улс төрийн нам, эвсэл нь УИХ-д бүлэгтэй байх нь “но”-той хуулиудад завсарлага авч, завсарлахаас эхлээд олон давуу талыг бий болгодог. Гэвч энэ эрх мэдлийг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг зөвхөн нэг хүнд зориулж ашигласан гэвэл үнэнээс нэг их зөрөхгүй.

2012 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын 20 орчим хувийн санал авсан МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнгөрсөн хугацаанд Иргэний зориг ногоон намаас илүү эрх мэдэлтэй байж, хамгийн том бялуунаас хуваалцаж ирсний давуу тал нь энэ юм. УИХ-аар дуулиан шуугиан дагуулан батлагдсан Өршөөлийн хуульд Ц.Оюунбаатар нарын гишүүд “Авлига албан тушаалын гэмт хэргийг өршөөх заалт “шигтгэсэн” нь ч бүлэгтэй байсны л давуу тал. Өршөөлийн хуулийг дагуулаад тогтоол санаачилж, МАХН-ын даргын ялтай байгаа хугацааг цуцлах заалт оруулсан нь мөн л бүлгээр дамжуулж хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлсний нэг илрэл юм. Одоо харин бүлгээр дамжуулж эрх ашгаа хамгаалах хууль батлах боломж нь хязгаарлагдлаа. УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарснаар УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг задарч эрх зүйн чадамжаа алдав.

Хаврын чуулган эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар Шударга ёс эвслийн бүлгээс гарахаа мэдэгдсэнээр задрах үйл явц нь эхэлсэн гэж хэлж болно. Хуулиараа УИХ дахь нам, эвслийн бүлэг нь найман гишүүнтэй байж хүлээн зөвшөөрөгддөг.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаас чөлөөлөгдсөн О.Баасанхүү гишүүн “Засгийн газрын хувь заяа миний гарт байгаа шүү” гэх утгатай тайлбар хийсэн нь үндсэндээ албан тушаал горилж, бүлэгтээ шахалт үзүүлсэн хэлбэр байв. Олон нийтийн дунд “Шударга ёс эвслийн бүлгийг тараах эсэх нь О.Баасанхүүгийн нүүдлээс шалтгаалах нь” гэдэг ойлголт төрсөн нь үүнтэй холбоотой. Хэдхэн хоногийн өмнө тус бүлэг хуралдаж, О.Баасанхүү гишүүнд Шударга ёс эвслийн бүлгийг удирдах эрхийг өгсөн нь үнэндээ аргаа барсан, оройтсон л үйлдэл байж. Энэ үед УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Шударга ёс эвслийн бүлгээс гарахаас аргагүй шахалтыг намаас үзүүлж байна” гэдгээ мэдэгдсэн нь. УИХ-ын сонгууль дөхсөн үед тэдний сонголт ёс зүйгүй үйлдэл мэт харагдаж болох ч “Хэт даврагч”-ын үйлдлийг хязгаарлахын тулд зөрүүлж хийсэн мэх ч байж мэдэхээр байгаа юм.

Шударга ёс эвслийн бүлгийг бүрдүүлэгч МҮАН-ын дарга М.Энхсайхан өнгөрсөн долоо хоногт 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцохоо илэрхийлсэн нь дээрх үйл явдлыг урьдчилж харсан хэрэг бололтой.

УИХ-ын гишүүн Ч.Улаан “Шударга ёс эвслийн бүлгийн задрал нь Засгийн газрын тогтвортой байдалд нөлөөлөхгүй” хэмээн мэдэгдсэн ч энэ асуудал хөндөгдөж эхэлжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бус хуралдаан зарлаад хойшлуулсан нь Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой гэж байгаа ч Засгийн газрын асуудлыг давхар ярьж, эрх зүйн чадамжтай эсэхийг нь тодруулах шаардлага үүссэн тухай яриа саарал ордонд түгэж байна. Ердөө 50 гаруйхан хоногийн дараа УИХ-ын сонгууль болно, ийм үед Засгийн газрыг унагах нь хаа, хаанаа ухаангүй үйлдэл. Гэхдээ МАХН-ыг буланд шахахын тулд МҮАН-ын дарга М.Энхсайхан Ардчилсан намтай хэлэлцээрийн ширээний ард хэдийнэ сууж, асуудлаа шийдсэн бол Н.Энхбаяр хэд, хэдэн туулай хөөсөөр эцэстээ хийсэн мэхэндээ унаж, Засгийн газарт тогтож үлдэх эсэхээ Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хэлэлцээрийн ширээний ард сууж гэрээгээ дахин ярихаас аргагүйд хүрч мэдэх нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж