Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гийн санал асуулга, судалгааны төвөөс гаргасан ээлжит судалгаагаар ажилгүйдэл, үнийн өсөлт ба авилгаас үүдэн Монгол Улсын иргэдийн дунд гутранги үзэл нэмэгдэж байгааг тодорхойлжээ.
Судалгаанд оролцогчдын 61 хувь нь Монгол Улсын хөгжил “буруу чиглэлд” явж байна гэж хариулсан нь 2011 оны мөн үзүүлэлтээс 23 хувиар өссөн дүн ажээ. Түүнчлэн 92 хувь нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг муу болон маш муу хэмээн дүгнэжээ. Мөн 56 хувь нь өрхийн эдийн засгийн нөхцөл байдал нь улам доройтсон гэж үзэж байгаа бол 48 хувь нь ажилгүйдэл нэмэгдэж буй нь хамгийн сэтгэл зовоосон асуудал хэмээн хариулжээ.
БНОУХ-гийн Азийн бүс нутгийн захирал Дэрэк Лютэн “Монгол Улсын эдийн засгийн хэцүү байдал нь иргэдэд хүндээр нөлөөлж буй нь илт байна. Иргэд ажилгүйдэл их, авлигын түвшин өндөр байна гэж үзэж байгаа тул бухимдах нь аргагүй” хэмээсэн байна.
Д.ЦЭЭНЭ