Саудын Араб руу цагаач ажилчид илгээхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Саудын Араб руу цагаач ажилчид илгээхийг хориглов

Саудын Арабид гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан индонези эмэгтэй ажил олгогч араб эзэд цагаач ажилчидтай адгууснаас дор харьцдагийг илчилсэн байна.

Араб эзнийхээ эхнэрийг хөнөөсөн хэргээр Руяати бин Сатуфи гэгч цагаач ажилчин өнгөрсөн зургадугаар сарын 16-нд цаазаар авахуулах ял сонссоны дараа хүний эрхийн байгууллагууд эсэргүүцлийн хөдөлгөөн зарласан юм. Энэ хэргийн дараа Саудын Араб Индонезийн цагаач ажилчдад виз олгохоо зогсоож, Индонезийн Засгийн газар тус улсыг хүний эрхийг хамгаалдаг болохоос нааш иргэдээ явуулахгүй байх шийдвэр гаргаж, ирэх наймдугаар сараас хэрэгжүүлэхээр болжээ.

Индонезийн олон мянган цагаач иргэн ажил эрэн Персийн булангийн орнуудыг зорьдог ч тэдний дийлэнх нь хүний эрхийг уландаа гишгэсэн Араб эздийн дарамт хүчирхийллийн золиос болж дуусдаг байна.

Саудын Арабид гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан Мацуни гэгч эмэгтэйг эзэд нь өөр хүмүүст худалдсан ажээ. Тэрбээр хоногт 22 цаг ажиллаж, зөвхөн хооллож залбирахын тулд амардаг байсан гэнэ. Мацуни “Араб ажил олгогчид хаад, ноёд мэт авирлаж, цагаачидтай яг л адгуус шиг харьцдаг” гэжээ. Паспорт, гар утсыг нь эзэд нь хураан авсан учраас индонези эмэгтэй гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадалгүй хоёр жил болсон байна. Байнгын зодуур дарамтад байсан Мацуни одоо Жакарта хотын цагаач ажилчдын түр байранд эмчлүүлж, ажилд зуучилж өгсөн агентлагаас эрүүл мэндийн даатгалын төлбөрөө гаргуулахаар хүлээж байгаа  юм байна. Индонезийн Ерөнхийлөгч Саудын Араб руу хөлсний ажилчид илгээхийг хориглосон шийдвэр гаргасан бөгөөд ирэх наймдугаар сараас хэрэгжүүлж эхлэх гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж