М.Анхцэцэг олимпийн наадамд оролцоно

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

М.Анхцэцэг олимпийн наадамд оролцоно

Монголын хүндийн өргөлтийн холбооноос М.Анхцэцэгийг олимпийн наадамд оролцуулахаар болжээ. Өнгөрсөн долоо хоногт Узбекстаны Ташкент хотноо болсон хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй баг IV байрт орж, “РИО-2016”-н нэг эрхийг авсан. Тус тэмцээнд эмэгтэй 75 кг-ын жинд ОУХМ М.Анхцэцэг огцомоор 112 кг, түлхэлтээр 132 кг, нийлбэрээр 244 кг-ыг өргөн Ази тивийн аварга болсон. Энэ жинд өрсөлдсөн Б.Энхтамир V, 75 кг-д Э.Билэгсайхан VII, 63 кг-д Т.Анужин VIII байрыг эзэлсэн. Азийн аваргад эмэгтэй 14 баг өрсөлдсөнөөс Вьетнам, Узбекстан, Энэтхэг, Монгол, Филиппин, Тажикстан улсын баг тамирчид эхний VI-д орж, олимпийн нэг эрхийг авсан юм.

Монголын хүндийн өргөлтийн холбооноос өнөөдөр “Алдар” спорт хороо, “Ёкохома” компанийн тамирчин ОУХМ М.Анхцэцэгийг олимпийн наадамд явуулах болсноо зарлалаа. М.Анхцэцэгийн бэлтгэл хангагчаар Б.Энхтамир явах юм.

Мөнхжанцангийн Анхцэцэг. Энэ жил 18 настай. Тэрээр хүндийн өргөлтийн спортоор хичэллээд найман жил болох хугацаанд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд Монгол Улсын рекордыг 69 удаа шинэчлэн тогтоосон. 2009 онд спортын дэд мастер, 2010 онд спортын мастер цолыг хүртсэн бол 2011 онд 13 насандаа ОУХМ цолны болзлыг биелүүлжээ.

М.Анхцэцэг “Наньжин-2014” залуучуудын II олимпод шагналт IV байрыг эзэлсэн. Үүний дараа насанд хүрэгчдийн дэлхийн аваргад хоёр жил дараалан оролцож, Монголын хүндийн өргөлтийн холбооны түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Тэрээр 2014 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д X байрт орж байсан амжилтаа өнгөрсөн онд хоёр байраар ахиулж, улмаар медалийн төлөө өрсөлдсөн. Мөн амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомд оролцож, IV байрыг эзэлсэн.  Ийнхүү найман жилийн өмнө өөрийн сонирхлоор штанк өргөж, энэхүү спортыг сонгосон тэрээр өнөөдөр тивийн аварга болж, улмаар “РИО-2016” олимпийн наадамд оролцохоор боллоо.

Ч.БОЛОР

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж