Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ өнөөдөр 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр хууль, журмын дагуу хүсэлт илэрхийлсэн намуудад батламж гардууллаа. Сонгуулийн хуульд заасны дагуу Парламентын сонгуульд оролцох нам, эвслүүд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлт илэрхийлэх хугацаа 2016 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болсон юм.
Хуулийн дагуух хугацаанд СЕХ-нд нийт 13 нам, гурван эвсэл бүртгүүлжээ. Гэхдээ намуудын ирүүлсэн бичиг баримтыг СЕХ хянаж үзээд, 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэжээ.
СЕХ бүртгэхээс татгалзсан хоёр нам нь Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН, Иргэний зориг, ногоон нам буюу ИЗНН юм. Үүний шалтгаан юу байв?
СЕХ-НЫ ТАЙЛБАР:
- ХҮН-ын ирүүлсэн бичиг баримт нь тамганы зөрчилтэй байсан тул бүртгэхээс татгалзсан.
- ИЗНН-ын гурван дарга гурвуулаа гарын үсгээ зураагүй, бичиг баримтын бүрдэл дутуу байсан учраас сонгуульд оролцох эрх олгоогүй.
ИЗНН-ЫН ТАЙЛБАР:
Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 124.3.2-д заасан үндэслэлээр буюу “Сонгуульд оролцох хүсэлтэд хавсарган ирүүлэх баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол” гэсэн үндэслэлээр ИЗНН-ыг бүртгэхээс татгалзжээ. Хавсарган ирүүлэх баримт бичигт заасан намын сонгуульд оролцох шийдвэрийг ИЗНН-ын эрх бүхий зарим албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж хуурамчаар үйлдсэнээс ИЗНН сонгуульд оролцогчоор бүртгүүлэх боломжгүй болжээ. Тус намын гурван даргын нэг болох Ц.Ганхуяг, Улстөрийн зөвлөлийн гишүүн Ц.Энхтуяа нар нам доторх санал зөрөлдөөний улмаас Сонгуулийн ерөнхий хороонд доорхи тогтоолыг хуурамчаар үйлдэн хүргэсэн байна.
Тогтоолд огноо тавьсан 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ИЗНН-ын Үндэсний хороо огт хуралдаагүй бөгөөд Үндэсний хорооны шийдвэрээр “АН-ын тавьсан саналыг хэлэлцээд, хоёр намын ажлын хэсгийн гаргасан зарчим, тохиролцоог АН-ын эрх бүхий байгууллагаар дэмжсэн тохиолдолд 2016 оны УИХ-ын сонгуульд ИЗНН, АН-тай хамтран ажиллахаар тогтсугай” гэсэн томъёололыг тогтоолоос хасчээ. Түүгээр ч зогсохгүй ИЗНН-ын дарга С.Оюуны гарын үсгийг мөн адил хуурамчаар үйлдсэн байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг өнөөдөр үдээс хойш мэдээлэл хийж, “Манай намыг сонгуульд оролцуулахгүй болсонтой холбогдуулан бид Сонгуулийн Ерөнхий хороог Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгөх гэж буйгаа мэдэгдэж байна. Бидэнд алдаагаа засах ямар нэгэн боломж олголгүйгээр сонгуульд оролцох эрхийг маань шууд хаасан нь улс төрийн захиалгат үйлдэл гэж хардахад хүргэж байна” гэж мэдэгдлээ.
МЭДЭГДЭЛ /ИЗНН/
Сонгуулийн Ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 121.2 дахь болон 124.3.2 дахь заалтыг тус, тус үндэслэн ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан тогтоолыг 2016 оны тавдугаар сарын 2-ны өдөр гаргасан атлаа манай намд албан ёсоор тавдугаар сарын 4-ны өдрийн 08 цаг 45 минутад уг шийдвэрээ хүлээлгэн өгсөн нь СЕХ-ны бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эрх зүйн хувьд тус намыг 2016 оны УИХ-ын Сонгуульд оролцохоор бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй хэмээн үзэж байна. Иймд ИЗНН Сонгуулийн тухай хуулийн 111.4.2-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл гаргаж, СЕХ-ны шийдвэрийг түдгэлзүүлэхийн төлөө ажиллахаар тогтлоо гэж ИЗНН-аас мэдэгдэж байна.
Б.БАЯСАХ