Чингис хаан, LV бас дунд хуруу

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Чингис хаан, LV бас дунд хуруу

“Wall Street Journal” сэтгүүлийн цахим хуудаснаа Монголын тухай нэгэн сонирхолтой нийтлэл гарчээ. Уг нийтлэлийн эхлэл хэсгийг орчуулан хүргэж байна.


Хотын төвдөө “Louis Vuitton”-ы дэлгүүртэй, хөдөө нутагтаа дэлхийд томд орох нөөц баялагтай нүүдэлчин Монгол орон чинээлэг амьдралын үндсээ тавьж байна.


Дөчин метрийн өндөр Чингис хааны хөшөө тал нутагт цэлмэг хөх тэнгэрийг баганадан сүндэрлэнэ. Их Монгол Улсыг байгуулснаа тунхаглан зарласнаасаа 800 жилийн хойно их хаан ийнхүү 250 т жинтэйгээр боссон нь энэ. Баялаг нөөцтэй, бие даасан Монгол улсын тал нутагт дүнхийх энэ хөшөө хоёр хөрш рүүгээ гозойлгосон аварга том дунд хуруу шиг санагдана. Монгол орон Хятадын дарлалд 200 жил, Зөвлөлтийн эрхшээлд 70 жилийг өнгөрүүлсэн. Дэлхийн талыг байлдан дагуулан хорвоогийн хамгийн агуу түүхийг бичсэн Чингис хаан хойд хөршийн утсан хүүхэлдэй байсан тэр жилүүдэд олон нийтийн дунд хориотой сэдэв байлаа. Өнөөдөр зэс, нүүрс, алт, уран гээд 80 гаруй төрлийн эрдэс баялгийг хөрсөн дороо агуулсан, цөөхөн хүн амтай энэ улс шилжилтийн замдаа явж байна. Өөр ямар ч улсад өнөөгийн монголчуудад тохиосон шиг сонголт одоогоор алга. Нигер шиг болох уу? Эсвэл Чилийн түүхийг давтах уу? Венесуэль, Австралийн араас орох уу?


“Монгол бол асар их боломжийг агуулсан орон. Бараг өдөр бүр нэг шинэ байшинг олж хардаг. Хөгжил явж байна. Зам нь байхгүй ч хүмүүс спорт загварын машин худалдан авч байна. Баян ядуугийн ялгаа улам бүр холдсоор” хэмээн Монгол дахь “ING” группийн Ховард Ламберт өгүүлэв.
http://online.wsj.com/article/SB10001424052702304186404576388153101917860.html хаягаар англи хэл дээрх бүрэн эхийг нь уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж