Ц.Оюунгэрэл ”Соёлоо таниулъя” хэмээн уриаллаа

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл ”Соёлоо таниулъя” хэмээн уриаллаа

“Орчин үеийн улс үндэстнүүд технологиороо ижилсэж, соёлоороо ялгарч байна. Хэрвээ монгол соёлыг биднээс хасвал бид бусдаас юугаараа ч ялгарахгүй. Монголчууд биднийг монгол соёл монголоор нь харагдуулдаг билээ” хэмээн өгүүлдэг "Соёлоо таниулъя" номын зохиогч нь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл юм. Тэрээр “Ногоон нүдэн лам” романаа уншигчдын хүртээл болгосноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл тэрээр шинэхэн номоо өлгийдөн аваад удаагүй байна.

Өнөөдөр уг номынхоо дээжийг Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын үзвэрийн танхимд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл шинэхэн номоо хүлээлгэн өглөө. Тэрээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр "Номын сангийн тухай хууль"-ийг баталсан байна. Тус номын санд номоо хүлээлгэн өгөхдөө өөрийн баталсан хуулийг дагаж мөрдөхөөр шинэ номныхоо дээжийг өгөх гэж буйгаа онцолсон юм.

Уг номонд соёл гэгч зөвхөн урлан бүтээх чадамж, авьяас билиг төдий биш, асуудлыг шийдэх туршлага, амьдрах урлаг, ертөнцийг үзэх үзлийн гайхамшигт цогцлол юм. Хөгжил дэвшил нь хүн төрөлхтний бүтээл байдаг бол, тухайн улс үндэстний соёл нь хүн ардынхаа хувьд хамгийн үнэ цэнэтэй "Үндэсний баялаг" нь байдаг тухай сонирхолтойгоор өгүүлдэг ажээ.

Мөн уншигч таныг бага насны тань дурсамжаар аялуулж, өдгөө мартагдах дөхөж буй үндэсний соёлтой тань дахин танилцуулж, эх соёлоо дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах болно.

Монголын үндэсний төв номын сангийн захирал А.Нансалмаа “Монгол улс анх удаагаа “Номын сангийн тухай хууль”-тай болсон. Хуулиа хэрэгжүүлж байгаа эрхэм гишүүнд их талархаж байна. Энэ хууль хэрэгжснээр номын сангийн ном бүрдүүлэлтийн 60-аас илүү хувийг бэлэг, хандивын ном эзлэх болсон” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлд батламж гардуулав.

Тэрээр "Соёлоо таниулъя" номоо дөрөвдүгээр сарын 24-ний өдөр өлгийдөн авсан бөгөөд нь түүний бие даан гаргаж буй найм дахь ном юм байна. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Ногоон нүдэн лам” номынхоо хоёрдугаар дэвтрийг бичээд эхэлсэн гэнэ. Мөн тэрээр өөртөө болон гэр бүлийнхэндээ өөр номонд сатаарахгүйгээр хоёрдугаар дэвтрээ дуусгана гэж амласан тухайгаа ярилаа.

Уг хуулийн 17-р зүйлийн Номын сангийн заавал авах хувь заалтад “Оюуны бүтээлийн архив, үндэсний хэмжээний ном хэвлэлийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор захиалагч болон зохиогч нь доор дурдсан хэвлэлийн бүтээгдэхүүнийг хэвлэгдэн гарснаас хойш 30 хоногийн дотор номын санд тодорхой хувийг үнэ төлбөргүйгээр хүлээлгэж өгнө” гэж тусгажээ.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Зохиогч, ном хэвлүүлж буй хүн бүр бүтээлийнхээ дээжийг заавал өгдөг хуультай болсон. Энэ хуулийг гарахаас өмнө маш цөөн хүмүүс ном хандивладаг байсан. Ихэвчлэн номын сан номыг худалдаж авах хэрэг гардаг. Үндэсний номын санг баяжуулахын тулд байнга номыг худалдан авах боломжгүй юм. Эцэстээ олон зохиолчийн бүтээл өөрт нь, дэлгүүрт, номын санд ч хадгалагдаж чадалгүй үрэгддэг. Тиймээс уг хууль нь Монгол улсын хэмжээнд шинээр гарч буй ном товхимлыг хуримтлуулах баталгаа болж өгч байна. Миний шинэ номыг номын сангийн нийтийн уншлагын танхимуудад хэрэглэх болно” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж