Ерөнхийлөгч Владимир Путин хаалттай зарлигаараа ОХУ-ын баатар цолыг Батлан хамгаалах яамны сайдын хоёр орлогч: Жанжин штабын дарга Валерий Герасимов, Арын албаны дарга Дмитрий Булгаков нарт олгожээ. Мөн армийн Тагнуулын төв газрын дарга агсан Игорь Сергунд баатар цолыг нэхэн олгосон байна.
Батлан хамгаалах яамны эх сурвалж мэдээлснээр, өндөр цолыг Ялалтын баярыг тохиолдуулан Сирийн байлдааны ажиллагаанд гавьяа байгуулсан гэж олгож байгаа гэнэ. Үүнээс өмнө Оросын баатар цолыг зургаан цэргийн албан хаагчид олгосон байлаа. Сири дэх цэргийн ажиллагаанд оролцсоны төлөө Цэргийн төвийн тойргийн штабын дарга Александр Дворников, цэргийн тагнуулч Вадим Байкулов, ахлах штурман-туршигч Виктор Романов, нисэхийн эскадрилийн орлогч дарга Андрей Дьяченко өндөр цол авсан юм. Үүний зэрэгцээ, Су-24М бөмбөгдөгч онгоцны багийн дарга дэд хурандаа Олег Пешков, ахлах дэслэгч Александр Прохоренко нарт баатар цолыг нэхэн олгожээ.
Генералууд Герасимов, Булгаков хоёр нь Сирийн ажиллагааны төлөө баатар цол авсан хамгийн өндөр тушаалтнууд болж байна. Нэгдүгээр сард нас барсан Тагнуулын төв газрын экс дарга нь Сирийн ажиллагаанаас гадна армийн тагнуулын албыг өөрчлөн шинэчилсний төлөө нэхэн шагнагдсан байв.
Бэлтгэсэн Ш. МЯГМАР