Цэцийн шийдвэр УИХ-ыг чадамжгүй болгох уу?

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

Цэцийн шийдвэр УИХ-ыг чадамжгүй болгох уу?

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа /2016.04.22-нд болсон/ жагсаалтын 28-ыг Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гаргаад байгаа. Энэхүү дүгнэлтийг УИХ хүлээн авбал УИХ чадамжгүй болж, жагсаалтаар орж ирсэн 28 гишүүн УИХ-ын гишүүн биш болж хувирна гэж байгаа бол УИХ-ын чадамжид Цэцийн шийдвэр нөлөөлөхгүй гэж үзэгсэд ч байна.

Талуудын байр суурийг энэ удаагийн VS буландаа МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын байр суурийг хүргэв.


Б.Цогтгэрэл:

УИХ Цэцийн шийдвэрийг хүлээгээд авчих юм бол тун сонин юм болно. УИХ 48 гишүүнтэй болсноор эрх зүйн чадамжгүй болно. Үндсэн хуулиар бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх нь 57-оос дээш гишүүнтэй болж хэрэгждэг. Өөрөөр хэлбэл, жагсаалтаар орсон учраас Үндсэн хууль зөрчсөнд тооцно. 28-д орж жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон бүх гишүүд гишүүн биш болно. Тэдний санаачлан батлуулсан хуулиуд бүгд хүчингүй болно. Тогтоолууд мөн адил. УИХ-ын 50-аас доош гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан бүх хурал, тэндээс гарсан шийд­вэр бүгд хүчингүйд тооцогдоно. Яагаад гэвэл, 50-аас доош гэдэг нь тэр дотор жагсаалтаар орсон  28 гишүүнээс дор хаяж 5-6 нь байсан гэж үзэхэд ирц нь  40 хүрэхгүй болчхож байгаа юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанд 40 гаруй гишүүн оролцож, 20-25 хүн хуулийг дэмжиж баталсан байлаа гэхэд тэр дотор жагсаалтаар орсон гишүүд байсан бол тухайн шийдвэр бүгд хүчингүй болох сөрөг үр дагавартай.


Д.Лүндээжанцан:

Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн нь дөрвөн жилийн хугацаатайгаар 76 гишүүнтэй сонгогддог.  Бүрэн эрхийн хугацааг нь яаж тоолдог бэ гэхээр УИХ-ын гишүүн тангараг өргөснөөр эхэлж, дараагийн гишүүн тангараг өргөснөөр дуусгавар болдог. Энэ хугацаанд завсар хий байдаггүй.  Нэгдүгээр асуудал нь ийм. Тэгэхээр УИХ төрийн эрх барих дээд байгууллага нь завсар байхгүй, төргүй болох гэсэн ойлголт байхгүй. Хоёрдугаарт, УИХ-аас байгуулагдсан Засгийн газар нь үүнийгээ дагаад бусад байгууллага нь бүрэн эрхээ хэрэгжүүлээд явна.

Цэцийн дүгнэлт УИХ-ын гишүүнийг шууд сонгох эрхийн үндсэн дээр сонгоно гэсэн суурь заалт зөрчигдлөө гэдэг дүгнэлт гарснаар хугацаагаа дуусгаж байгаа парламентад хамаарахгүй. Шинэ Сонгуулийн хууль буюу УИХ-ын 2015 оны арванхоёрдугаар сард баталсан энэ хуулинд заасан заалтаар тавигдсан. Тэрнээс биш 2011 онд баталсан УИХ-ын сонгуулийн хуулиар энэ дүгнэлт гарсан бол энэ ойлгомжтой асуудал болж, дараагийнхыг нь яаж өөрчлөх вэ гэдэг асуудал яригдах ёстой. Хууль буцаан хэрэглэхгүй гэдэг асуудал яригдана. Одоогийн жагсаалтаар сонгогдсон 28 ч тэр, сонгуулийн тогтолцооны суурь зарчмын хувьд ч Үндсэн хуультай нийцэхгүй байна гэдэг энэ дүгнэлтээр одоогийн УИХ-ын чадамжид нөлөөлөх зүйл байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж