УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Ойлгомжтой, тодорхой асуудлыг тодорхойгүй байдалд шилжүүлсэн нь УИХ улс төр судлаачдын зөв бичээд байгааг анхаардаггүй. Үндсэн хууль судлаачид хамгийн зөв гаргалгааг хэлсэн байна лээ. Энэ асуудлыг бид шийдэх байх. Гэтэл дөрвөн жил болсон байтлаа огт шийдээгүй асуудлууд байна. Сонгогчидтойгоо та бүхэн уулзаж байгаа. Бүх намууд энэ дөрвөн жилд татварын шинэчлэл хийнэ гэж амласан. Одоог болтол хийсэнгүй. Бизнесийн орчныг сайжруулъя, зөвшөөрлийг хялбаршуулъя гэж бүх нам амласан. Сонгогчиддоо очоод юу гэж хэлэх вэ. Сонгуулийн тогтолцоо ярьсаар таарлаа гэх үү. Зөвшөөрөл хүнд суртлыг байхгүй болгоё гэж ярьсан, тогтолцоо ярьсаар таарлаа гэх үү. Хүмүүсийн амьдралыг сайжруулах, ажиллах орчныг сайжруулах, орлогыг нь нэмэгдүүлэх, тогтвортой байлгах хуулиуд хэлэлцэгдэхгүй байгаад байна. тийм учраас хоёр намын бүлэгт хандаж хүсэлт тавихад ард түмэнд хэрэгтэй, бизнес эрхлэгчдэд хэрэгтэй хуулийг шахаж байгаад шийдээд яваасай.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрээ Дунд суудлын хуралдаанаар үгүйсгэж байгаа. Захиалгын шийдвэр гаргасан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцооны эсрэг зогсож байгаад гайхаж байна. Хоёр алхмаар урагшилж байснаас хойш ухарлаа. МАН төлөвшөөгүй нам байна. Бид буруу юм хийсэн учраас одоо болъё гэж байгаа нь 2016 онд яаж олонхи болох вэ гэдэг бодол зүүдээрээ захиалгаа гаргачихаад сууж байна. Энэнд харамсаж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд эргэлзэж байна. Холимог систем маш дэвшилттэй гэж МАН өмнө нь батлуулсан байтлаа яагаад өнөөдөр ухраад унав. Сайн хууль байгаа ч хэрэгжилт дээр завхрал гардаг. Сум,дүүрэгт нэр дэвшээд ард түмний санал авагүй, ёс суртахуунгүй хүмүүс намын жагсаалтаар орж ирснээр ард түмэн жагсаалт дэмий юм гэж үзэж байгаа нь үндэстэй.
Жагсаалт байхгүй болбол нийгмийн зорилтот хэсгээс хүмүүс хууль тогтоох төвшинд орж ирэхгүй болно. Нэр дэвших боломжгүй болно. Ирээдүйд маш том ухралт хийж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. 60 гаруй орон пропорциональ системээр явж байна. 11 гишүүний 40 хувь нь жагсалтаар орж ирсэн. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Хүүхдийн хуульд манаач хийсэн. Ийм том дэвшил гарсан зүйлээсээ ухрах нь. УИХ-ын эрэгтэй гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж аваад Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа эмэгтэйчүүдийн квотыг устгах талаар ярьсан байгаа. Ийм зүйлээр далимдуулж квотыг устгавал эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж тэмцэнэ.
УИХ-ын дарга З.Энхболд: Эрэгтэй гишүүд тийм юм яриагүй. Манай эрэгтэй гишүүд тийм арга ядарсан хүмүүс биш.
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг буруутгах нэг хэцүү, зөвтгөх нэг хэцүү.
Үндсэн хуулийн цэц цагаан дээр хараар бичсэн Үндсэн хуулиа сахиж байгаа. Протколд тулгуурлаж шийдвэр гаргасан, яах аргагүй л ингэж шийдэхээс аргагүй байсан. Гэтэл амьдрал дээр Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэр сүүлийн нэг жилийн хугацаанд их шуугиан тарьж байна. Миний ойлгож байгаагаар Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлага олон хуулийн буцалтаас харагдаж байгаа.
УИХ-ын дэд дарга Л.Цог: Цэц хоёр өөр дүгнэлт гаргасан гэдэг нь худлаа Р.Гончигдорж оо битгий худлаа яриад бай. Энийг Цэц захиалгаар хийгээгүй, Улсын бага хурлын гишүүн Бадарч гэж хүн хагас жилийн өмнө маргаан үүсгэсэн юм билээ, үүнийг нь дарчихсан байсан.
Бага хурлын дарга, Үндсэн хуулийг баталсан хүн байж, Р.Гончигдоржийг би гайхаж байна. Үндсэн хуулийн үүсмэлээ бид ярьж байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөв гэж хүлээж авахгүй бол болохгүй. Бүрэн эрхийн хугацаа дууслаа, дараагийн УИХ-ын бүрэн эрх эхлэхэд Үндсэн хуулиар сургалт хийх хэрэгтэй байна. Олон юм бий. Үндсэн хуулийн бус аргаар бид их олон юм ярьж байгаа. Цэцийн дүгнэлтийг дэмжих нь зөв.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Цэцийн дүгнэлт нь өнөөдөр нийгэмд ойлгомжгүй, ирээдүйд сөрөг үр дагавар дагуулж болзошгүй ноцтой дүгнэлт гэж харж байна. Сонгуулиа хийгээд явлаа гэхэд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй юм болох вий. Долдугаар сарын 1-ний гашуун түүх бий.
Цэц нь 2012 онд хуралдаад гаргаж байсан шийдвэрийнхээ эсрэг дүгнэлт гаргасан. Өдөр шөнө шиг зөрчил байгаа. Ийм хоёр нүүр гаргаж байгаад гайхаж байна. Эцсийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдгийг анхааруулахыг хүсэж байна. Цэц нийгмийг тогтворгүй байдал руу түлхэх юм руу явуулж байгаа. Ийм дүгнэлт гаргасан Цэцийн бүрэлдэхүүн нийгэмд гарах хариуцлагыг хүлээх ёстой.
УИХ-ын гишүүд саналаа хэлж байна.