Засгийн газар хоорондын комисс хуралдав

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Засгийн газар хоорондын комисс хуралдав

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хурал ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 1-ний өдрүүдэд болжээ. Монголын талаас Засгийн газар хоорондын комиссын Монголын талын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайд Д.Идэвхтэн, Улаан Үд хотод суугаа консул Л.Жавзмаа, Хүнс хөдөө аж, ахуйн дэд сайд Ж.Сауле, Зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Гаалийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат, МХЕГ, Мал эмнэлэг үржлийн газар, Цөмийн энергийн газар, Газрын тосны газар, МҮХАҮТ,  Алтанбулаг чөлөөт бүсийн удирдлагууд тус тус оролцлоо. Нөгөө талаас Засгийн газар хоорондын комиссын Оросын талын дарга И.Е.Левитин, Зам тээврийн яамны дэд сайд А.Н.Недасеков, Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга Е.Н.Попов, Гадаад харилцааны яамны газрын дарга И.З.Азизов, Хилийн газрын хэлтсийн дарга А.Н.Володченко болон бусад салбарын удирдлагууд оролцлоо.

Хурлаар Эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг голлон ярилцав. Тэр дундаа Монгол Оросын хамтарсан үйлдвэр, эрчим хүч, уран, хоёр улсын хил гаалийн хамтын ажиллагааг боловсронгуй болгох, ХАА, тээвэр, барилга, дэд бүтэц, нефтийн асуудлуудыг хөндлөө. Тээвэр, эрчим хүчний салбарын хувьд ОХУ-аас экспортлож байгаа эрчим хүчийг урт хугацаанд тогтмол авах, 2011 ондоо багтааж УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх, 1949 төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үргэлжлүүлэх зэрэг асуудлыг нааштайгаар шийдсэн бол Оросын талаас Монголд баригдаж байгаа эрчим хүчний станц, барилгын ажлуудад оролцох хүсэлт тавьсан байна. Харин ураны салбарын хамтын ажиллагааг цаашид улам эрчимжүүлэх, Хөдөө аж ахуйн чиглэлээр мал эмнэлэгийн салбарт ойрын үед харилцан санамж бичиг зурах, Монголын тал ОХУ-д жил бүр 10 мянгаас доошгүй тонн мах экспортлох, шүлхийн вакциныг ойрын үед татах зэрэг асуудлыг шийджээ. Дээрх асуудлуудаас гадна хамгийн хүсэн хүлээсэн асуудал болох ойрын үед нефт авах асуудлаар Тэргүүн шадар сайдын тавьсан хүсэлтийн дагуу  мөн хоёр сайдын хамтын уулзалтаар тохиролцоонд хүрч ОХУ-ын тээврийн сайд И.Е. Левитин өөрийн биеэр яаралтай зохицуулах үүрэг өгч, эхний ээлжийн А-92 бензин Монголруу ачигдаж эхэлсэн байна. Түүнчлэн цаашид нефтийн асуудлаар урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцож чадсаны дээр жилдээ саяас доошгүй тонн нефт авах саналыг монголын талаас тавьсан байна.

Худалдаа хийдэг иргэдийн хувьд Оросын талын хил гааль хүнд сурталтай чирэгдэл үүсгэдэг тухай асуудлыг Монголын талаас тавьсанаар Алтанбулаг худалдааны чөлөөт бүсээр дамжин худалдаа арилжаа хийхэд цаашид хүндрэлгүй болно гэдгийг Оросын тал амалжээ. Энэ асуудалтай холбогдуулан худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор ОХУ-ын ХАҮТ, Монголын ХАҮТ-ын хамтын ажиллагааг өргөжүүлж Москва, Эрхүү, Улаан Үд хотод Монголын бизнес төв байгуулах, улмаар уг төвөөр дамжуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зорилгоор Монголын бараа бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх асуудлыг ярилцсан байна.

Мөн бүс нутгуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг энэ үеэр хөндөн ярьсан аж. Тэргүүн шадар сайд ЗГХК-ын хурлын дараа Улаан Үд хотод ажиллаж амьдарч буй монгол иргэдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонсч,  УИХ, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч сонирхсон асуултанд нь хариулт өгсөн байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж