Бруно Спенглэр шилдэг нь байлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Бруно Спенглэр шилдэг нь байлаа

ДТМ уралдааны 12 дахь улирал буюу 2011 оны аварга шалгаруулах тэмцээний тавдахь гараа Германы Нюремберг хотын гудамжинд үргэлжиллээ. ДТМ уралдааны хөтөлбөрт багтсан, хотын гудамжинд болдог цорын ганц уралдаан бороотой үед өрнөв. Тамирчид аюулгүйн машины хамтаар гараанаас гарчээ. Тэднийг Канадын Бруно Спенглэр тэргүүлж байлаа. Норисринг гэж нэрлэгдэх энэхүү тойргуулгад гурван жил дараалан Жамие Грийн түрүүлсэн. Грийн 16 дахь тойрог Гэри Паффэттийн ослын дараачаар гуравдугаар байрыг эзэлжээ. Паффэтт жолоодлого алдаж уралдаанаас гарахдаа, Томас Сабог мөргөж замаа эрт дуусгахад нь тусалжээ. Энэ үед Спенглэр тав орчим секундийн давуу байдлыг өөрт бий болгож амжжээ. Түүний ард Ауди багийн Маттиас Екстром нэхэж байсан. Гэхдээ Экстромд байрлалаа ахиулах боломж бараг олдоогүй гэхэд болно. Харин байрлалаа хамгаалахын төлөө ширүүн тэмцлийг Грийнтэй үзүүлж байсан. Уралдааны 47 дахь тойрогт Грийн зорилгодоо хүрч өрсөлдөгчөө ардаа хийж чадсан юм. Удалгүй бороо дахин ширүүсч эхэлсэн учраас аюулгүй машиныг гаргажээ. Ингээд зохион байгуулагчид уралдааны 75 хувь нь явагдсан учраас дуусгахад хангалттай гэж үзээд дүрмийн дагуу зогсоосон байна. Ийнхүү Спенглэр 65 тойрог үргэлжилсэн тавдахь гарааны ялагч болсоноор нийлбэр дүнгээр 39 оноотой болж тэргүүлж эхэллээ. Түүнтэй ижил хоёр гараанд түрүүлсэн Германы Мартин Томкцук 36 оноотой хоёрдугаар байранд бичигдэж явна.

                                            Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж