Дан ганц уул уурхайг түшиглэн амьдарч байсан Монгол Улс дэлхийн зах зээл дэх эрдэс баялгийн үнийн уналтад өртөн эдийн засаг маань хэвтрийн дэглэмд шилжээд удаж байна.
Баялаг тойрсон хэрүүл, баялаг шүтсэн амьдрал монголчуудад дан ганц уул уурхайгаас хараат байхын “зовлон”-г хангалттай мэдрүүлж, хэдийгээр солонгорсон эдийн засгийн ойлголт улстөрчдийн амнаас унах болсон ч биелэлээ олох нь хаа ч байсан юм гэмээр. Учир нь Монголд орж ирэх хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхай дээр түшиглэдэг.
Махаа, ноос, ноолуураа гаргаад баяжина гэсэн хөнгөн сэтгэлээр гоё, гоё мөрөөдөл зурах ч чухамдаа хөдөө аж ахуйн салбар болон хөнгөн үйлдвэрийн салбараас улсын төсөвт оруулах орлого нь тун бага. Нөгөө талаар, эсгий таавчик, мах гурилаас өөрийг үйлдвэрлэж чадахгүй, хэрэглээнийхээ барааны 80 хувийг гаднаас авдаг байсан Монгол Улс сүүлийн гурван жил ядаж л дотооддоо цемент үйлдвэрлэдэг болов.
Дотоодын үйлдвэрлэлийг дэмжихгүйгээр эдийн засаг хэзээ ч өсөлтийг авчрахгүй гэдгийг өндөр хөгжилтэй улс орон бүр харуулж байна. Харин бидний хувьд уул уурхайдаа найдаж, бусад салбараа орхигдуулсаар өдийг хүрсэн нь голланд гэх өвчний шинж тэмдэг ажиглагджээ. Голланд өвчин гэдэг нь байгалийн баялгийн хараал гэсэн утгаар хэрэглэгддэг ухагдахуун юм. Байгалийн баялгаа олж нээх хэрээр гадаад валютын урсгал нэмэгдэж, байгалийн баялгийн үнэ зах зээл дээр өсөн, гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж эдийн засгийн хөгжлийн нэг алхмыг тавьдаг гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл үүнтэй холбоотойгоор бүх зүйл сайхан болчихдоггүй байна. Энэ өвчний үүсэх шалтгаан энгийн байдаг аж. Гадаад валютын орох урсгал нэмэгдэх бүрт дотоодын валютын ханш чангардаг. Үүнтэй холбоотойгоор экспортын импорттой өрсөлддөг бүтээгдэхүүний гадаад валютаар илэрхийлэгдэх үнийг нэмж гадаадын бараатай өрсөлдөх чадварыг бууруулдаг болохыг судлаач тайлбарлалаа.
Баялгийн орлогоос орж ирсэн мөнгийг тэр чигт нь үрээд дуусах биш нэмэлт орлогуудыг хуримтлуулж, сан үүсгэх нэг арга байна. Цаашлаад дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж, дэмжиж чадвал голланд өвчнөөс ангижрах нэг боломж аж.
Чили улс гэхэд л уул уурхайгаа түшиглэж, бусад салбараа хөгжүүлж чадсан орны нэг. Уул уурхайгаас олсон мөнгөө бусад үйлдвэрлэлийн салбарт зарцуулснаар эргээд эдийн засаг олон төрлөөр хөгжих боломжийг олгож чаджээ. Тухайлбал, Чили улс дарс болон улаан загасны үйлдвэрлэлээр дэлхийд толгой цохиж явна. Үүнээс л монголчууд суралцах хэрэгтэйг судлаачид санууллаа.
Зураглаач Н.БАТМӨНХ