Улаанбурхны тархалт долоон аймагт өндөр байна

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

Улаанбурхны тархалт долоон аймагт өндөр байна

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар улаанбурхны өвчлөл ямархуу түвшинд явааг танилцуулсан байна. Улаанбурхан өвчний ерөнхий хандлага буурч байгаа боловч сэжигтэй тохиолдол өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй гарчээ. Улаанбурхан өвчин Орхон, Дархан-Уул, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймаг болон Улаанбаатар хотод тархалт өндөртэй байна. Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2057 өвчтөн хандсаны 1515 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 315 нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 0-1 насны 17 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

-Хувьцааг арилжаалах, хэн нэгэнд бэлэглэх, шилжүүлэх боломж одоохондоо байхгүйг Санхүүгийн зохицуулах хорооноос өчигдөр тайлбарлалаа. Одоогийн байдлаар 2.5 сая орчим иргэний нэр дээр бүртгэлтэй байгаа эдгээр хувьцааг арилжаалах, хэн нэгэнд бэлэглэх, шилжүүлэх боломжгүй аж. “Урт цагаан”, “Найман шарга” зэрэг хэд хэдэн газар цугларсан зарим иргэдийн ярьсан шиг хувьцааг бараа шиг гараас гарт дамжуулан гэрээ байгуулж, зарж болохгүй юм байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс 1072 хувьцааг зарж, худалдан авсан эсэх асуудалд мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлж, шалгалтыг үргэлжлүүлж байгаа юм.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бусдад зодуулснаас бэртэл авч, хүнд хагалгаанд орсон гэх мэдээллийг албан эх сурвалж няцаажээ. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпилийн өгсөн тайлбараар бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт сагсан бөмбөг тоглох үеэрээ хамраа хөнгөн гэмтээсэн байна. Хөнгөн гэмтэл учраас хагалгаанд орох шаардлага байгаагүй. Ажил үүргээ хийж байгаа бөгөөд өчигдөр Засгийн газрын хуралдааныг удирджээ.

-Ирэх намар нэгдүгээр ангид зургаан настай 27 мянга 629 хүүхэд элсэнэ гэсэн тооцоог нийслэлийн Боловсролын газраас гаргажээ. Эдгээр нэгдүгээр анги элсэгчдийг ирэх наймдугаар сарын 22-26 ний өдөр сургуулиуд бүртгэх юм.  Гэхдээ 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн таван настай хүүхдийг нас нь болоогүй шалтгаанаар бүртгэхгүй. Хүүхэд нь сургуульд суух нас нь болсон эцэг, эхчүүд  харьяа сургуульдаа хүүхдээ бүртгүүлэхдээ,Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, Эцэг эх болон асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар, 3*4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа зэрэг материалыг бэлдэн, авч очих үүрэгтэй. Мөн ээж, аавууд хүүхдээ бүртгүүлэхээр явахдаа заавал хүүхдээ дагуулах юм.

-Эсгий, арьс, торго, муутуу цаасаар бүтээсэн монгол бичгийн номуудыг Чингисийн талбайд өчигдөр эгнүүлэн байрлуулсан юм. Нийслэлийн 117 сургуулийн 16 мянга гаруй сурагч хамрагдаж, монгол ардын зүйр цэцэн үгийг монгол бичгээр муутуу цааснаа буулгасан байна. Тэдгээрээс 1000 сурагчийн бийрээр бичсэн 8000 гаруй үг бүхий 1000 хуудастай номыг БСШУЯ-ны сайдаар дамжуулан өчигдөр Монголын үндэсний төв номын санд гардууллаа.

-Удаан хугацаанд сайдгүй явсан эрүүл мэндийн салбар эзэнтэй болж магадгүй бололтой. Учир нь ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ярилцаж зөвшилцсөний эцэст Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэндийн сайдаар томилж, Г.Шийлэгдамбыг чөлөөлүүлэх хүсэлтийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа.

– Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өчигдөр тохиолоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “ Мэдээлэлтэй байх,мэдээлэл авах эрх бол Таны үндсэн эрх ” уриан дор таван тивийн 100 гаруй оронд тэмдэглэлээ.

– Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн долоо хоногт БНЭУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ үеэр БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулж, талууд гарын үсэг зурсан байна. Гэхдээ хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдох нэг тэрбум ам долларыг хэзээнээс авах, өгөх асуудлаа тодорхой шийдээгүй аж. Гэхдээ зээлээр ирэх нэг тэрбумыг дэд бүтцийн салбарт зориулна гэж Засгийн газар тооцжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж