Хятадын ерөнхийлөгч Си Жинпинь 2012 онд улс орон даяар авилгын эсрэг кампанит ажил эхлүүлснээс хойш өнгөрсөн хугацаанд 30,000 албан тушаалтныг авилгын хэргээр шийтгэжээ. Гэвч Хятад улсыг авлигаас ангижруулах кампанит ажил гэдэг нь үнэн хэрэгтээ номер нэг хүний дайснуудаа дарах гэсэн бодлого гэх шүүмлэгчид ч байгаа юм.
Улс төр дэх дайснуудаа дарах зорилготой Си Жинпиний авлигын эсрэг кампанит ажил мастер төлөвлөгөөний дүнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хятадын улаан аристократууд гэгддэг Коммунист нам, улс төрийн товчоо шинэ гишүүдээр цус сэлбэсэн тухай Хонконг дах Хятадын их сургуулийн хятад судлаач Вилли Лам ярьж байна.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага Панамын хуулийн компанитай холбоотой оффшор компаниудын 11 сая гаруй баримтыг дэлгэсний дунд Хятадын улстөрчдийн нэрс ч давхиж явсан билээ. Өнгөрсөн сард Панамын баримтууд дундаас дахин Хятадын улс төрийн хоёр томоохон албан тушаалтны нэр гарч ирсэн нь Коммунист намын үзэл суртлын хорооны даргын охин Лю Юншан 2009 онд Их Британийн Виржинийн арал дээр “Ultra Time Investment” хэмээх хөрөнгө оруулагч компани байгуулсныг нотолсон юм.
Мөн Хятадын Төрийн зөвлөлийн дэд сайд Жан Гаолигийн хүргэн Их Британийн Виржинийн арал дээр бүртгэлтэй гурван оффшор компанид хувьцаа эзэмшдэг нь нотлогдсон. Оффшор компани байгуулах нь хууль бус зүйл биш боловч татваргүй эсвэл маш бага татвартай оффшор бүсэд мөнгө угаах, татвараас зугатах зорилгоор бизнес явуулах магадлал өндөр юм.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэн тавьсан Панамын баримт бичгүүд дунд мөн Хятадын Коммунист намын улс төрийн товчооны хуучин гишүүдийн хүүхдүүдийн нэрс байгаа нь тогтоогдсон.
Тэдний дунд дор хаяж гурван оффшор компанитай Мао Зэдуны ач охины нөхөр, Си Жинпиний хүргэн нарын нэрс байгаа ажээ.
Гэвч мөнгө угаасан, татвараас зугатсан байж болзошгүй олон хэргийн нотлох баримт гэж олон улсын сэжиглэж буй Панамын баримтуудад нэрс нь багтсан Хятадын нэр нөлөө бүхий улстөрчдийн хүүхдүүд Си Жинпиний авлигын эсрэг машинд өртөхгүй гэдэг нь тодорхой байна.
Панамын баримтуудын талаарх Хятадын Засгийн газрын байр суурь маш тодорхой бөгөөд гадаадын хэвлэлүүдэд нийтлэгдсэн баримтуудыг үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.
Тэр бүү хэл Хятадын Засгийн газар Панамын баримтуудын талаар мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд хатуу хяналт тавьж, оффшор дансны дуулиантай холбоотой цахим ертөнцөөр тарсан маргаан, мэтгэлцээнийг устгасан. Одоо Хятадын интернэт ертөнцөд Панам гэдэг үг хамгийн аюултай үг болж хувираад байна. Интернэт хайлтын системд энэ үгээр хайлт хийсэн хүн болгоныг шалгаж байгаа учраас хүмүүс бичихээс ч айж байгаа ажээ.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэж тавьсан Панамын баримтууд олон улсад шуугиан дэгдээж, зарим улс орны удирдагчид, тухайлбал Исландын Ерөнхий сайд Сигмундур Ганнлагсон огцорч, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны рейтинг унаж эхэлсэн.
Харин нөлөө бүхий томоохон улстөрч, бизнесменүүдийн нэр холбогдсон Хятадад эдгээр баримтууд ямар ч салхи хөдөлгөсөнгүй. Учир нь Хятадын Засгийн газар хэвлэл мэдээлэлд хатуу хяналт тогтоосноос иргэд Панамын баримтуудын талаар маш бага, бараг ямар ч мэдээлэлгүй ажээ. Хятадын жирийн иргэд байтугай их сургуулийн зарим профессорууд олон улсад болж буй үйл явдлын талаар маш бага мэдээлэлтэй явдаг гэнэ.
Хятадын интернэт сүлжээгээр “Панамын баримтууд“ гэж хайлт хийхэд “Таны хайлтын дүн Хятадын хууль тогтоомжид харшлах тул харуулах боломжгүй” гэсэн анхааруулга гардаг.
Хятадын төрийн мэдээллийн хэрэгсэл “Global Times” энэ талаар тайлбарлахдаа “Барууны хэвлэлийнхэн иймэрхүү линкийг бусад орны эсрэг ашигладаг” гэжээ.
Н.ЭНХ