Л.Болормаад “Үнэний төлөө” шагналыг нэхэн олголоо

Хуучирсан мэдээ: 2016.05.03-нд нийтлэгдсэн

Л.Болормаад “Үнэний төлөө” шагналыг нэхэн олголоо

Монголын сэтгүүлзүйд өөрийн гэсэн орон зайг үлдээгээд “Даашинзтай сурвалжлага”-уудаа үргэлжлүүлж амжилгүй бурхны орноо заларсан сэтгүүлч Лунтангийн Болормаад өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний “Үнэний төлөө” шагналыг нэхэн олголоо. Шагналыг Л.Болормаагийн төрсөн дүү, Mongolian Mining Journal-ын Маркетингийн менежер Л.Батбаярт гардуулан өгсөн байна.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Үнэний төлөө” шагналыг  Л.Болормаад нэхэн олгосон бөгөөд уг шагналд “Олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн 2015 оны “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг нэхэн олгов” гэж тодотгон бичжээ.  

“Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол таны эрх” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг “Глоб Интернэшнл” төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулсан юм.  Ярилцлагад УИХ-ын гишүүн Н.Энхболд, М.Батчимэг, Д.Сарангэрэл болон НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын захирал Мариелза Оливейра болон Хонконг, Япон, БНСУ-ын сэтгүүлчдийн төлөөлөл оролцжээ.

“Сэтгүүлч Л. Болормаа 2015 оны арваннэгдүгээр сарын 21-нд зуурдаар таалал төгсөж, Монголын сэтгүүлзүйд нөхөж баршгүй гарз тохиосон билээ. Л.Болормаа нь эдийн засаг, уул уурхайн чиглэлээр дагнан бичдэг байсан бөгөөд түүний даацтай жинтэй нийтлэлүүд уншигчдыг байлдан дагуулж байсан” гэж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Галаарид хэллээ.

Талийгаач Л.Болормаагийн эрхлэн гаргаж байсан Mongolian Mining Journal-ын хамт олон эрхлэгчийнхээ шагналыг ажлын өрөөнд нь баглаа цэцгийн хамт хүндэтгэн залсан байна.

Д.Цээнэ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж