“Хүрхрээ үндэсний лиг”-ийн шагналын сан 100 саяаас буурахгүй

Хуучирсан мэдээ: 2016.05.03-нд нийтлэгдсэн

“Хүрхрээ үндэсний лиг”-ийн шагналын сан 100 саяаас буурахгүй

Монголын хөлбөмбөгийн холбоо, хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК хамтран “Хүрхрээ үндэсний лиг”-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн лигт “Эрчим”, “Хангарьд”, “Хоромхон”, “Улаанбаатар”, “Улаанбаатарын унаганууд”, “Улаанбаатарын мазаалайнууд”, “Сэлэнгэпресс”, “Дэрэн” болон “Улаанбаатар сити”, “Баянгол” гэсэн 10 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Багууд тавдугаар сарын 6-наас аравдугаар сарын 9 хүртэлх ойролцоогоор хагас жилийн хугацаанд 18 тойрог өрсөлдөх юм. Тоглолтууд Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэн, “ДЦС-IV” ТӨХК-ийн талбай, Орхон аймгийн хөлбөмбөгийн талбай гэсэн гурван газар болно.

Өнгөрсөн жил “Хүрхрээ үндэсний лиг”ийн шагналын сан 100 сая төгрөгт багтсан бөгөөд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд 40 сая, 30 сая, 20 саяын мөнгөн шагнал хүртсэн. Тэгвэл энэ жил шагналын сан буурахгүй бөгөөд бусад багууд байр эзэлсэн дарааллаас хамаарч мөнгөн шагнал хүртэнэ.

Монголын лигийн аварга баг уламжлал ёсоор Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний эрхийн төлөөх тэмцээнд оролцох эрхийг авна.

Сонирхуулахад, "Үндэснний лиг"-ийн тоглолтын нэг өдрийн тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 2000, 3000 төгрөг бөгөөд тасалбарыг Монголын хөлбөмбөгийн холбооны байранд худалдаалах юм. Тасалбар бүр бүртгэлийн дугаартай, улирлын дунд болон эцэст дугаар сугалж азтанг тодруулах болсныг МХБХ-оос мэдээллээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж