Куриллын асуудлаар ОХУ-тай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.03-нд нийтлэгдсэн

Куриллын асуудлаар ОХУ-тай хэлэлцэнэ

Германы Канцлер Ангела Меркел өнгөрсөн жил Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж, оройн зоог барих үеэр Японыг НАТО буюу Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэхийг санал болгосон тухай Японы “Japan News” сайт мэдээлжээ.

Канцлер 2015 оны гуравдугаар сард Шинзо Абэтэй уулзахдаа Японыг НАТО-д элсүүлэх асуудлаар Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нарыг ятгахад бэлэн гэж хэлж байжээ.

Харин Шинзо Абэ Канцлерын саналыг ирээдүйд бодолцож үзэхээ илэрхийлж, хэрэв Япон улс НАТО-д элсвэл Куриллын арлын газар нутгийн маргаантай асуудлаарх Токио, Москвагийн хоорондох хэлэлцээ дуусна гэж хэлсэн юм.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар энэ сарын 6-нд Хар тэнгисийн эрэг дээрх Сочи хотод уулзалт төлөвлөснийг Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлсэн юм.

Уулзалтын үеэр ОХУ, Японы хоорондох газар нутгийн маргаантай асуудал болон хоёр долоо хоногийн дараа Японд болох их долоогийн дээд хэмжээний уулзалтын талаар голчлон хэлэлцэх юм байна.

“Japan News” сайтын мэдээлж буйгаар хэрэв Шинзо Абэ их долоогийн уулзалтын өмнө газар нутгийн маргаантай асуудлыг хэлэлцэхээр ОХУ-д айлчлал хийвэл тэрхүү айлчлал нь их долоогийн уулзалтад ямар ч сөрөг үр дагавар авчрахгүй гэдгийг батлах ёстой ажээ. Хэрэв Сочи дахь уулзалт амжилттай болвол В.Путин энэ оны сүүлээр Японд айлчлах юм байна.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш арав гаруй жилийн дараа Япон, хуучин ЗХУ 1956 онд энхийн хэлэлцээнд гарын үсэг зурж, ЗХУ маргаантай газар нутгийг Японы талд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байдаг ажээ. Гэвч дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш өдгөө 70 гаруй жил өнгөрч байгаа хэдий ч Куриллын арлын асуудал маргаантай хэвээр үлдсэн юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж