Насанд хүрэгчдийн УАШТ дуулиан шуугиантай эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.05.03-нд нийтлэгдсэн

Насанд хүрэгчдийн УАШТ дуулиан шуугиантай эхэллээ

МХБХ-ны насанд хүрэгчдийн УАШТ дуулиан шуугиантай эхэллээ. 20 баг оролцож буй энэхүү тэмцээний хагас шигшээд шалгарсан дөрвөн багт "Хүрхрээ нэгдүгээр лиг"-т оролцох эрх олгох болсон нь өрсөлдөөнийг улам ч хурцлаад байна.

Тэмцээний нээлтийн тоглолтоос гурван оноо авах боломж БХИС-ийн багт бүрэн байсан ч юм юм дутах нь тэр. Тэд тоглолтын 33 дахь минутад Э.Эрдэнэбатын хоёр, Н.Батбаярын нэг гоолын ачаар 3:0-ээр тэргүүлж байв. Энэ үед хэн бүхэнд тоглолтын хувь заяа ойлгомжтой болсон мэт санагдсан биз ээ. Гэсэн ч Баянхонгор аймгийн шигшээ баг хөлбөмбөгт юу ч тохиолдож болохыг баталж, эцийн дүндээ 4:3-аар ялалт байгууллаа. Тэднээс Г.Гончигдорж 40, Д.Баатархүү 55, 67, Б.Даваасүрэн 81 дэх минутад гоолын дансанд нэрээ бичүүлсэн юм. Энэ хэсгийн хоёр дахь тоглолт ч тун санаандгүй байдлаар өндөрлөв. "Шонхорууд" тоглолт эхлээд гурван минут ч өнгөрөөгүй байхад хоёр гоол хийж, хүчирхэг өрсөлдөгчөө хүнд байдалд оруулсан. Гэхдээ ОУХМ Г.Даваа-Очир тэргүүтэй "Гоёо"-гийнхон үүнийг зүгээр хараад суусангүй. Цагтаа Монголын дээд лигийн мэргэн буучаар шалгарч явсан Д.Энхтайваны покер, С.Баатарсүрэнгийн нэг гоолын ачаар 5:2-оор тэргүүлэх болсон билээ. Гэвч энэ тоглолтоос хэн нь ч бүтэн оноо авах учиргүй байжээ. "Шонхорууд" тоглолтын төгсгөлийг сайн хийснээр 5:5-аар тэнцэж, маш үнэ цэнэтэй нэг оноог өөрийн болгох нь тэр.

Харин "В" хэсгийн эхний тоглолтууд ширүүн өрсөлдөөнтэй болсонгүй. Серб дасгалжуулагч Александр Вукмировичоор удирдуулсан "Сүмида" "Чингэлтэй БТ"-г 5:0-ээр, сонирхогчдын ангилалдаа шилдэг тооцогдох "Жепро" залуу бүрэлдэхүүнтэй "Туулын том тулнууд"-ыг 4:0-ээр буулган авлаа. "Сүмида"-гийн ялалтын гол баатар нь киргиз хаалгач Владислав Волков, довтлогч Д.Чимэд нар байв. Улсынхаа шигшээ багт тоглож, "Дордой Бишкек" клубынхаа хамтаар Азийн хөлбөмбөгийн холбооны "Ерөнхийлөгчийн цом"-д хоёр ч удаа түрүүлсэн Волковын тоглолт арай л өөр байсныг тоглолт үзсэн хүн бүхэн хэлж байлаа. Харин Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, үндэсний бөхийн улсын манлай заан З.Дүвчин, волейболын ОУХМ, нэрт дасгалжуулагч Д.Солонго нарын хүү Чимэд хет-трик хийж багаа ялалтад хөтөлсөн юм. Ийнхүү УАШТ-ий эхний өдөр үзэх, онцлох зүйл олон байлаа. Тэмцээн хоёр дахь өдрөө "С", "D" хэсгийн тоглолтоо үргэлжилнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж