"Дархан ШУТИС" – "Ховд Мон-алтиус" 72:64
Хоёр дахь удаагаа явагдсан эмэгтэй үндэсний супер лигийн хүрэл медалийн төлөөх сүүлийн тоглолт өчигдөр/2016.05.02/ явагдаж Д.Ганзулаар ахлуулсан "Дархан ШУТИС" баг хүрэл медалийн болзлийг хангалаа. Энэ жилийн хувьд эмэгтэй үндэсний супер лигт драфт явуулсан баг тамирчдыг жигд хуваасан бөгөөд тэр ч утгаараа багуудын өрсөлдөөн ширүүн болсон юм. "Дархан ШУТИС" багийн хувьд плей-оффийн эхний шатанд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг тамирчдад 2-1 харьцаатай хожигдсон бол "Ховд Мон-алтиус" багийн хувьд МУИС баг тамирчдад мөн л 2-1-ээр хожигдож, хүрлийн төлөө тоглох болсон юм. Ингээд багуудын эхний хагас тун тэнцүү өрнөж 22-21-ээр "Ховд Мон-Алтуис" баг тэргүүлсэн. Гэхдээ тоглолтын 3 үед Дархан ШУТИС багийн баг тамирчид илүү байснаар оноог 10 болгон холдуулж улмаар 4-р үед энэ давамгайллаа хадгалсаар 72-64-ын харьцаатай өрсөлдөгчөө буулган авч хүрэл медалийн эзэд болсон юм. Тэднээс багийн лидер ОУХМ Д.Ганзул багаа тэргүүлж 21 оноо 6 самбар 6 оновчтой дамжуулалт, Б.Ундрах 20 оноо,З.Цолмон 10 оноо, А.Маамуу 9 оноо 15 самбараар багтаа тусалсан байна. Харин улирлыг 4-өөр байраар өндөрлүүлж буй "Ховд Мон-Алтиус" багаас А.Цацрал 12 оноо 7 самбар М.Майжаргал 11 оноо, А.Сумьяадорж 10,. Б.Баянжаргал 10 оноо авсан хангалтгүй байлаа. Эмэгтэй үндэсний лигийн аваргын төлөөх цуврал 2 дахь тоглолт маргааш 17.00 цагаас МУИС-Үндэсний биеийн тамирын дээд сургуулиудын хооронд болно.