Ирэх намар нэгдүгээр ангид зургаан настай 27 мянга 629 хүүхэд элсэнэ гэсэн тооцоог нийслэлийн Боловсролын газраас гаргажээ. Эдгээр нэгдүгээр анги элсэгчдийг ирэх наймдугаар сарын 22-26 ний өдөр сургуулиуд бүртгэх юм. Гэхдээ 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн таван настай хүүхдийг нас нь болоогүй шалтгаанаар бүртгэхгүй. Хүүхэд нь сургуульд суух нас нь болсон эцэг, эхчүүд харьяа сургуульдаа хүүхдээ бүртгүүлэхдээ,
-Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
-Эцэг эх болон асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар
-3*4 хэмжээтэй нэг хувь цээж зураг
-Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа зэрэг материалыг бэлдэн, авч очих үүрэгтэй. Мөн ээж, аавууд хүүхдээ бүртгүүлэхээр явахдаа заавал хүүхдээ дагуулах юм. Үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг яагаад энэ жилээс шаардах болсон тухайгаа албаныхан нэр хүндтэй сургуулиудад хүүхдээ өгөхөөр хуурамч бичиг баримт бүрдүүлдэг байсантай холбон тайлбарлалаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургууль гэх мэт нэр хүндтэй 7-8 сургуульд хүүхдээ сургах хүсэлтэй аав, ээж нар олон байдаг байна. Үүнээс болж дээрх сургуулиудад нэг ангид 35 хүүхэд сурах ёстойгоос 63 хүүхэд одоо суралцах болжээ.
Өмнө нь багш нар наймдугаар сард бүтэн сургалттай шалтгаанаар нэгдүгээр ангид орох хүүхдийг сургуулиуд хавар бүртгэдэг байжээ. Энэ жилээс багш нар хамрагдах сургалтууд наймдугаар сард цөөн болсон аж. Иймээс нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг намар хийхээр нийслэлийн Боловсролын газар шийджээ. Зургаан настнуудыг бүртгэхдээ хамран сургах тойргийн хүүхдээс ямар нэгэн элсэлтийн шалгалт авахгүй. Мөн бүртгэлийн хураамж төлбөр авахгүй юм байна. Бүртгэлийн явцад эцэг, эхчүүдэд ойлгомжгүй, гомдолтой асуудал гарвал дүүргийн Боловсролын хэлтсүүддээ хандах учиртай юм.
Хавар болж, цэцэрлэг, сургуулийн сурагчид амралт ойртсон энэ үед Үсэглэлийн баяр, Эрдмийн баярыг сургууль, анги бүр дур мэдэн хийхгүйг НБГ-аас анхаарууллаа. Цэцэрлэгийн төгсөлтийн баяр, нэгдүгээр ангийн Үсэглэлийн баярын арга хэмжээг тайлант өдөрлөг, 9, 12 дугаар ангийн сурагчдын “Эрдмийн баяр”-ыг тайлант өдөрлөг “Боловсролын баримт бичиг гардуулах ёслол” болгон нэгдсэн байдлаар тэмдэглэх шийдвэрийг НБГ-аас гаргажээ. Иймээс нийслэлийн ногоон бүсэд аялж, зугаалах болоод. аав, ээж нар, хүүхдээс хавтгайруулан мөнгө хураах асуудлыг НБГ-аас хориглосон байна.
Д.УЛАМБАЯР
Зураглаач: Н.БАТМӨНХ
Хүүхэд тань аль сургуульд хамрагдахыг доорх хүснэгтээс харна уу.