Сайн дурын шинжилгээний II шат эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Сайн дурын шинжилгээний II шат эхэллээ

“Монгол ньюс” мэдээллийн төвд сайн дурын зөвлөгөө шинжилгээний үйлчилгээг сурталчлах компанит ажлын хоёр дахь шат эхэлснийг зарлан Эрүүл мэндийн яам, Дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хорооноос мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн яамны дэргэдэх “Глобал сан”-гийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд уг ажлыг нэгдсэн зохицуулалт, санхүүжилтээр хангах ажлыг гүйцэтгэж иржээ. Уг компанит ажлын үндсэн гол зорилго нь хүмүүсийг Хүний дархлал хомсдолын вирусийн халдварыг илрүүлэх шинжилгээнд сайн дурын үндсэн дээр нь хандуулах, хандсан хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх, шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг хийжээ. Тус компанит ажлын нэгдүгээр шатанд нийт хүн амыг энэ үлйчилгээнд өргөнөөр хамруулах, үйлчилгээ авагчдыг тоог нэмэгдүүлэхэд чиглэж байсан бол өнөөдөр уг үйл ажиллагааг зорилтот байдлаар буюу ялангуяа залуучуудын тоог нэмэгдүүлэх, залуу гэр бүл, хосуудыг илүүтэй хамруулах тэдний дунд урьдчилан сэргийлэх  хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ удаагийн компанит ажлын гол зорилго оршиж байгаа аж. Энэ ажлын хүрээнд Монгол улсын хэмжээнд нийтдээ 42 төв байгуулагдан ажиллаж байгаа юм. Мөн “Фокус” ТББ нь тус компанит ажлыг хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа бөгөөд  хэд хэдэн материалуудыг боловсруулж олон нийтэд түгээхээр болжээ. Үүнд, телевиз болон радиогийн шторк, хэвлэлийн хуудас, гудамжны самбаруудаар мэдээллийг олон нийтэд хүргэхээс гадна цахим хуудас, өдөр тутмын сонин, үүрэн телефоны операторуудаар дамжуулан түгээх ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж