Испанийн хаан VI Филипп парламентын хоёр танхмыг тараан бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах зарлигт гарын үсгээ зурна. Өмнө нь энэ шийдвэрт Испанийн ерөнхий сайд гарын үсэг зурдаг байсан юм. Харин одоо Испанийн вант улсын засгийн газар түр гэсэн статустай, бүрэн эрх мэдэлгүй байгаа юм. Ардчилсан Испанийн түүхэнд анх удаагаа ийм байдал үүсээд байна.
Арванхоёрдугаар сарын 20-ны сонгууль
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд Испанид парламентын бүх нийтийн сонгууль болж, тус оронд тогтоод байсан хоёр намын системд төгсгөл авчирлаа. Франсиско Франкогийн дарангуйлал унасны дараа 1970-аад онуудад гарч ирсэн консерватив Ардын нам ба Испанийн социалист ажилчны намуудтай ширүүн өрсөлдөөнөөр "Подемос" ба "Иргэд" гэх намууд гаргав.
Ардын намын ялалт
Сонгуульд одоо ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Мариано Рахойн Ардын нам ялан парламентын 350 суудлын 123-ыг авсан нь бие даан засгийн газар байгуулах боломж олдсонгүй. Үүний улмаас Рахой нь 90 суудалтай ИСАН, 40 мандаттай “ Иргэд” намын дэмжлэгийг авахыг оролдсон байна.
ИСАН нь Ардын намын гол өрсөлдөгч учраас тэдэнтэй эвсэх нь тус намын “улс төрийн төгсгөл” болох юм. Тиймээс тэдний саналыг хүлээж авсангүй. ИСАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Педро Санчес нам нь Рахойг дэмжихгүй гэж нэг биш удаа хэлж байлаа. “Иргэд” намын лидер Альберт Ривера сонгуулийн дараа бид засгийн газарт орохгүй гэсэн юм.
Зүүний чиглэлийн "Подемос" ("Бид чадна") нам 69 суудалтай байсан ч Ардын нам тэднийг тоогоогүй юм. "Подемос" намын лидер Пабло Иглесиас нь Каталоны тусгаарлах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахын төлөө байгаа билээ. Консерваторууд харин түүний эсрэг байдаг.
Санчесийн оролдлого
Рахой бусад улс төрийн хүчний дэмжлэгийг аваагүй учир хаан VI Филипп Испанийн социалт ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Педро Санчест засгийн газар бүрдүүлэхээр тохиролцох үүргийг өгсөн байна. Эхлээд Ривера эвслийн эсрэг байснаа социалистуудтай эвсэхийг зөвшөөрсөн юм. Үүний зэрэгцээ жижиг намууд түүнтэй тохиролцоо байгуулахаар гэрээ хийсэн байна. Гэсэн ч тэдний хоорондын зөрчил нэн ялангуяа Каталоны тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулгын асуудлаар тохиролцоонд хүрсэнгүй.
Үүнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 4-нд парламентын хоёр дахь шатны санал хураалтын дүнгээр социалистуудын лидерийг ерөнхий сайдаар сонгосонгүй. Үүний дараа хаан намуудад тохиролцоо хийх хугацааг зааж өгсөн юм. Гэсэн ч улс төрийн хүчнүүд тохиролцоонд хүрсэнгүй.
Дахин сонгууль
Испанийн Үндсэн хуулийн дагуу анхны санал хураалтын өдрөөс хойш хоёр сарын дотор ерөнхий сайдыг сонгож тохиролцож чадахгүй бол хаан нь парламентын хоёр танхимыг тараан депутатуудын конгрессийн даргын зөвшөөрөлтэйгөөр шинэ сонгуулийг зарлах ёстой.
Гуравдугаар сарын 2-нд болсон санал хураалтын дараа тавдугаар сарын 2 хүртэл улс төрийн хүчнүүд тохиролцоонд хүрэх ёстой байсан юм. Дахин сонгууль явуулахаар болсон нь ардчилсан Испанийн түүхэнд анхны тохиолдол болж байна. Дахин сонгууль нь зургадугаар сарын 26-нд болохоор болжээ.
Дахин сонгууль нь испанийн парламентад улс төрийн хүчний харьцааг өөрчилж чадахгүйг шинжээчид хэлж байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, улс төрийн намуудад засгийн газар байгуулах тохиролцоог хийхээр улам их хүчин зүтгэл гаргах хэрэгтэй гэсэн үг юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР