Бразилийн Рио-де-Жанейрод зуны олимпын 31 дэх наадам эхлэхэд ердөө 94 хоног буюу гурван сар гаруйн хугацаа үлдлээ. Эдгээр өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрт олимпын эрх олгох спортын төрөл тус бүрийн шийдвэрлэх тэмцээнүүд явагдсаар байна. Манай улсын хувьд одоогоор дараах төрлүүдэд эрхээ аваад байна. Үүнд:
- ЧӨЛӨӨТ БӨХ- 9 (эрэгтэй тав, эмэгтэй дөрөв)
- БОКС – 4 (эрэгтэй дөрөв)
- БАЙТ ХАРВАА – 1 (эрэгтэй)
- БУУДЛАГА -3 (эмэгтэй)
- МАРАФОН ГҮЙЛТ – 4 (хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй)
- ТАЭКВОНДО – 1 (эрэгтэй)
- ХҮНДИЙН ӨРГӨЛТ – 1 (эмэгтэй) эрх авч нийт 23 эрхтэй байна.
Түүнчлэн цагаан хуудсаар усанд сэлэлтийн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин Рио-г зорино. Үүн дээр жүдо бөхийн баг тамирчид бүтэн багаараа оролцох бол чөлөөт бөх, бокс, байт харваа, дугуйн төрлөөр нэмж эрх авах боломж бий. Тиймээс бид тамирчдынхаа дээлний захыг мушгиад цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлах нь гарцаагүй болжээ.
“РИО-2016” олимпийн наадам эхлэхэд 94 хоног үлдсэн бөгөөд манай чөлөөт бөх, бокс, байт харваа, буудлага, марафон, таэквондо, хүндийн өргөлт зэрэг спортын төрлүүдэд нийт 23 эрхийг аваад байна. Үүн дээр жүдо бөхийн 12, цагаан хуудсаар оролцох усанд сэлэлтийн хоёр болон бусад тэмцээнээс эрх нэмж чадвал урьд байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй, 40 гаруй тамирчинтай Бразилыг зорих юм.
РИО-2016: ЭРХ АВААД БУЙ ТАМИРЧИД
ЧӨЛӨӨТ БӨХ: (Эрэгтэй 5, Эмэгтэй 4. Улсдаа эрхээ авчирсан тамирчид. Монголын чөлөөт бөхийн холбоо олимпийн наадамд хэнийг явуулахыг шийднэ)
- Э.Бэхбаяр (Эр-57 кг)
- Г. Мандахнаран (Эр-65 кг)
- П.Өнөрбат (Эр-74 кг)
- О.Үйтүмэн (Эр-86 кг )
- Ж.Чулуунбат (Эр-125 кг)
- Э.Сумъяа (Эм-53 кг)
- П.Орхон (Эм-58 кг)
- С.Батцэцэг (Эм-63 кг)
- О.Насанбурмаа (Эм-69 кг)
БОКС: (Эрэгтэй 4)
- Г.Ган-Эрдэнэ /49 кг/
- Д.Отгондалай /60 кг/
- Б.Чинзориг /64 кг/
- Б.Түвшинбат /69 кг/
БУУДЛАГА: (Эмэгтэй 3)
- Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа (гар буу)
- ОУХМ Ц.Мөнхзул (гар буу)
- ОУХМ Г.Нандинзаяа (урт буу)
ХӨНГӨН АТЛЕТИК/МАРАФОН (Эрэгтэй 2, Эмэгтэй 2)
- Гавьяат тамирчин Б.Сэр-Од,
- ОУХМ Д.Гантулга
- ОУХМ Л.Отгонбаяр
- ОУХМ Б.Мөнхзаяа
БАЙТ ХАРВАА (Ээрэгтэй 1)
- ОУХМ Ж.Гантөгс
Таэквондо (эрэгтэй 1)
- ОУХМ П.Тэмүүжин (58 кг)
ХҮНДИЙГ ӨРГӨЛТ (Эмэгтэй 1)
- ОУХМ М.Анхцэцэг
ЖҮДО БӨХ: /Жүдо бөхийн баг тамирчид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох бөгөөд хэдхэн хоногийн өмнө олимпийн наадамд оролцох тамирчдын нэрсийг зарласан/.
Эрэгтэй:
- Ц.Цогтбаатар /60 кг/
- Д.Төмөрхүлэг /66 кг/
- Г.Одбаяр /73 кг/
- О.Ууганбаатар /81 кг/
- Л.Отгонбаатар /90 кг/
- Н. Түвшинбаяр /100 кг/
- Б.Тэмүүлэн /+100 кг/
Эмэгтэй:
- М.Уранцэцэг (Дэлхийн аварга) /48 кг/
- А.Цолмон /52 кг/
- Д.Сумъяа (ДАШТ-ий хүрэл медальт) /57 кг/
- Ц.Мөнхзаяа (ДАШТ-ий хүрэл медальт) /63 кг/
- Ц.Наранжаргал /70 кг/
ОДОО ХЭДЭН ЭРХ НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?
ЧӨЛӨӨТ БӨХ: (Одоогоор эрэгтэй 5, эмэгтэй 4 эрхтэй)
“Лондон-2012” олимпын наадамд наймагт тамирчинтай /эрэгтэй 4, эмэгтэй 4/ чөлөөтийнхөн одоогоор нийт 9 эрхтэй байна. Тэдний хувьд одоо олимпын эрхийн ганцхан тэмцээн үлдсэн бөгөөд эрэгтэй 1, эмэгтэй 2 эрхийн төлөө дахин өрсөлдөнө. Энэ тэмцээн бол тавдугаар сарын 6-8-нд Туркийн Истанбулд болох олимпын эрхийн сүүлийн тэмцээн юм.
МАРАФОН: (Одоогоор эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин эрхийн нормативыг биелүүлсэн бөгөөд дахин 2 тамирчин нэмэгдэх боломжтой.)
Олимпын наадамд хөнгөн атлетикийн эрэгтэй 24, эмэгтэй 23 төрөлд тамирчид өрсөлдөнө. Эдгээр төрлүүдээс марафон буюу 42 км 195 метр замыг туулах зайд манай тамирчид оролцох боломжтой байдаг. Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од олимпын наадмын марафон төрөлд цагаан хуудсаар оролцож, анхдагч болж байсан түүх хэдийнэ түүх болон үлджээ. Өдгөө манай тамирчид олимпын наадмын эрхийн нормативыг биелүүлэн оролцдог болсон. Одоогоор “РИО-2016” олимпын наадмын марафоны төрөлд Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар эрхийн нормативыг биелүүлэн, дахин баталгаалжуулаад байна. Нэг улсаас эрэгтэй, эмэгтэй гурван тамирчин олимпийн наадамд оролцох бүрэн боломжтой бөгөөд манай улсаас энэхүү эрхийг дахин нэмэх боломж байгаа. Учир нь ирэх 7 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл олимпийн эрхийн тэмцээнүүд болно. Тиймээс ирэх саруудад болох олимпын эрхийн цагийн нормативыг биелүүлж чадсан тамирчид дахин баталгаажиж чадвал РИО-г зорих тамирчдын тоо нэмэгдэх юм.
БОКС: (Одоогоор дөрвөн эрхтэй)
Боксчдын хувьд олимпын эрх нэмж авах боломжтой. Энэ сард Казахстан улсад болох эмэгтэйчүүдийн ДАШТ-д медаль авсан тамирчид Рио-де-Жанейрог зорих юм. Мөн эрчүүдийн хувьд ирэх зургадугаар сард Азарбайжаны нийслэл Бакуд болох Олон улсын тэмцээн үлдсэн бөгөөд жин тус бүрийн эхний хоёрт орсон тамирчид олимпын эрхээ авах юм.
Дугуй: (Одоогоор эрхгүй)
Манай дугуйн спортын Азийн анхны аварга Т.Энхжаргал олимпын эрх олгох цуврал тэмцээнд оролцохоор Швейцарийг зорьсон билээ. Тэрбээр ирэх зургадугаар сарыг хүртэл олимпын эрхийн оноо олгох тэмцээнд өрсөлдөж байна.
Ийнхүү Бразилийн Рио-де-Жанейрод зуны олимпын 31 дэх наадам эхлэхэд 94 хоног үлдсэн энэ үед Монголын баг тамирчид одоогоор 23 эрхтэй болоод байна. Үүн дээр жүдо бөхийн 12, цагаан хуудсаар оролцох усанд сэлэлтийн хоёр эрх нэмэгдэх бөгөөд чөлөөт бөх, бокс, байт харваа эрх нэмж чадвал урьд оролцож байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй, 40 гаруй тамирчинтай Бразилийг зорих юм. Манай улс урьд нь “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпын наадамд хамгийн их буюу тус бүр 29 тамирчинтай оролцож байжээ.
Рио де Жанейро хотноо IX дүгээр сарын 7-18-ны өдрүүдэд паралимп болох ба манай улсаас одоогоор дараах тамирчид эрхээ аваад байгаа.
- Пара байт харваа: “Бээжин-2008” паралимпийн аварга Д.Баатаржав, ОУХМ А.Анхбаяр
- Пара буудлага: Спортын мастер З.Ганбаатар (50 метрийн сонгомол гар буу)
- Пара хөнгөн атлетик: ОУХМ С.Цогтгэрэл (зээрэгцэг шидэлт)
- Пара жүдо бөх: /2 эрх/
- Пара пауэрлифтинг: ОУХМ Э.Содномпилжээ нар тус тус эрхээ аваад байна.
Ч.БОЛОРЧУЛУУН