Жагсаалт тойрсон “зодоон”

Хуучирсан мэдээ: 2016.05.03-нд нийтлэгдсэн

Жагсаалт тойрсон “зодоон”

УИХ-ын сонгууль болоход 50 гаруйхан хоног үлдсэн ч парламентад суудалтай улс төрийн намууд Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг тойроод “зодоон”-оо эхлүүлжээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл нь нэр дэвшигчдээ тавдугаар сарын 5-9-ний хооронд тодруулах ёстой ч Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээж авах эсэхээ УИХ эцэслэж чадаагүйгээс энэ ажиллагааг хойшлуулахаас аргагүйд хүрээд байна. Саарал ордноос түгэх яриагаар нэр дэвших явцыг 10-15 хоногоор хойшлуулж, тавдугаар сарын 19-нөөр хязгаарлах чиглэл өгсөн нь энэ хооронд УИХ Үндсэн хуулийн Цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн авах эсэхээ эцэслэж, мөн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаа цэгцлэх үүрэг хүлээсэнтэй холбоотой аж. Гэвч парламентад суудалтай намууд эхний шийдвэрээсээ эргэж буцах болжээ. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэгт жагсаалтын 28-ыг хүчтэй эсэргүүцэх гишүүдийг Р.Гончигдорж, Н.Батбаяр нар манлайлж байгаа бол МАН-ын бүлэгт Су.Батболд, Д.Хаянхярваа нар өнгөлж яваа аж. Ингэхдээ Үндсэн хуулийн Цэцийн 05 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн авах ёстой, ёсгүй гэсэн байр суурийн харьцаа бүлгүүдийн төвшинд хүч тэнцүү шахам хуваагдсаныг тодотгох хүн ч байгаа юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хойшлуулж, оронд нь фракцууд хуралдсан нь жагсаалтын 28-аа хамгаалах уу, цэвэр тойргоо хамгаалж үлдэх үү гэдэг шийдэл хайхад оршжээ. “Алтан гадас”, МҮДН фракциуд намын жагсаалтыг хэвээр үлдээх сонирхол нь давамгайлсан бол “Шонхор”, МоАХ фракциуд тойргийг сонгохоос аргагүй гэх байр суурь нь голлосон гэх яриа байна. Иймээс өнөөдөр болох бүлгийн хуралдаанаараа Цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн авах эсэхээ дахин санал хураалтаар хагалах нь.

Бүлгүүдийн төвшинд Цэцийн дээрх дүгнэлтийг тойрон маргаан хүчтэй өрнөж буй нь дараах шалтгаантай холбоотой аж. Нэг хэсэг нь “Цэцийн дүгнэлтийг УИХ-аар хүлээн авах нь ард түмний сэтгэлд нийцсэн шийдвэр болж бууна” гэж байгаа ч “100 хувь тойрог эргэн ирэх шийдвэрийг УИХ гаргасан нөхцөлд Монгол Улсыг 76 тойрогт хувааж, нэгдсэн бодлого гарахгүй болох ухралт хийнэ” гэж сөрөгсөд байгаа аж. Мөн “Цэцийн шийдвэрийг УИХ хүлээн аваагүй нөхцөлд намынхаа гол санхүүжүүлэгчдийг бодсон шийдвэрийг УИХ гаргалаа хэмээн үзэж, ард түмний эсэргүүцэлтэй тулан сонгуулийн ирцэд ч нөлөөлөх эрсдэлтэй” гэх байр суурь илэрхийлэгчид бий болжээ.

Цэцийн энэхүү дүгнэлтийг эцэслэхийн тулд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш зарлан хуралдуулахаар болж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн. УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг дээрх асуудлаар өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан нь маргааш албан ёсоор дуусах юм. Хэдийгээр тус бүлэг “Цэцийн шийдвэрийг хүлээн авах шийдвэрт хүрсэн” гэдэг байр суурь илэрхийлсэн ч завсарлагыг үргэлжлүүлж авах боломж бийг сануулах болсон нь зөвхөн АН, МАН хоёр дотоод дахь маргаанаа цэгцэлснээр проблем дуусчихгүй нь тодорхой болсон билээ. Гэхдээ УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан батлуулсан УИХ-ын дэгийн тухай хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд энэ лхагва гаригаас урьтаж хэвлэгдэхгүй бол Шударга ёс эвслийн бүлгийн завсарлага дахиад үргэлжлэхэд саад тавих аргагүй байгаа.

Завсарлагыг үргэлжлүүлж авдаггүй юм гэхэд Ардчилсан намын бүлэг жагсаалтын 28-ыг хамгаалах шийдвэрийг гаргавал МАН мөн яах вэ гэдэг шийдлээ гаргах шаардлагатай болж, нэр дэвшигчээ тодруулах үйл явц хойш ухран тавдугаар сарын 19-нд багтааж чадах уу гэдэг эргэлзээг ч бий болгож эхлээд байна.

Нөгөө талдаа УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авах шийдвэрийг олонхиороо гаргасан нөхцөлд жагсаалтын 28 мандатын хэдийг нь Улаанбаатар хотод, хэдийг нь хөдөө орон нутагт хуваарилах вэ гэдэг тохироо хийх ёстой. Ардчилсан нам 28 мандатын 14-ийг нийслэлд хуваарилах сонирхолтой байгаа бол МАН найман мандыг Улаанбаатар хотод, үлдэж буй 20 мандатыг аймгуудад хуваарилах ёстой гэдэг байр сууриа хатуу тулгасаар буй. Иймээс дээрх хоёр бүлэг хүссэн, хүсээгүй Шударга ёс эвслийн бүлэгтэй тохироо хийхээс аргагүй болно гэсэн үг.

УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг болох МАХН, МҮАН орон нутагт хөл муутай тул нийслэлийн мандатын тоог нэмэх эрмэлзэл нь давамгайлах ч иймэрхүү зүйлд зүгээр кноп дарж ирсэн тохиолдол үгүй. Ардаа заавал барьцаа шаардана. Энэ мэтчлэн цаг авах нөхцөлүүд тулгагдаж мэдэхээр байгаа нь намын жагсаалт тойрсон “зодоон”-ыг улам ч хурцалж мэдэхээр байна.

Уг нь энэ удаагийн УИХ-ын сонгууль долоо дахь удаагийнх болох ёстой ч Сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулийн Цэцийн 05 дугаар дүгнэлттэй холбоотойгоор үйлчлэл нь түдгэлзчихсэн, улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тавдугаар сарын 9-нд багтаан нэр дэвшүүлэх ёстой ч хугацаагаа сунгахаас аргагүй, сонгуульд оролцох нам, эвслүүд нь бие, биендээ барьцаа тавьчихсан хамаг ажил нь зуун задгай жаран хагархай сууна. Сонгууль болдог л байгаа даа.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж