Орос улс долдугаар сард багтан ДХБ-д элсэхгүй бол…

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Орос улс долдугаар сард багтан ДХБ-д элсэхгүй бол…

Хэлэлцээр хийж буй төлөөлөгчид долдугаар сард багтан маргаант асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй бол Оросын ДХБ-д гишүүнээр элсэх асуудал цаашид ч сунжирч магадгүй хэмээн тус улсын Эдийн засгийн хөгжил ба худалдааны сайд Эльвира Набиуллина үзэж байна.

Маргаантай асуудлуудад автомашин угсралт, ургамал, мал аж ахуйн эрүүл ахуйн хяналт, махны квот зэрэг нь багтаж байгаа юм.

Энэ сард багтан Орос улсын ДХБ-д элсэхтэй холбоотой зарчмын бүх асуудлыг шийдвэрлэх ёстой гэдгийг Набиуллина сануулав. Хэрэв энэ сарын хэлэлцээрээр дээрх маргаантай асуудлуудын аль нэгийг шийдэж чадахгүй үлдээхэд хүрвэл талууд цаашид удаан хугацаанд тохиролцож чадахгүй болно гэдгийг шинжээчид онцолсоор байгаа юм.

Оросын Эдийн засгийн хөгжил ба худалдааны сайд ”Яг одоо бид уян хатан хандах ёстой. Үгүй бол ДХБ-д гишүүнээр элсэх асуудалд урт хугацааны завсарлага гарах болно” гэжээ. Ямартай ч Оросын зүгээс долдугаар сарын хэлэлцээрээр тохиролцоонд хүрэхийг чармайж байгаа бөгөөд хэлэлцээрийг Вашингтонд үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байгаа аж.

ДХБ-ын гишүүнээр элсэх асуудлаар өнгөрсөн сард Төрийн ДУМ  хуралдах үеэр Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев “Хэрэв улс төрийн тоглоом дахиад эхлэхгүй л бол ДХБ-д элсэх ажлыг энэ онд дуусгавар болгоно” хэмээн мэдэгдэж байсан юм.

Оросын бизнесийнхэн ДХБ-ын гишүүн орнуудын зах зээлийн хязгаарлалт, хоригоос болж жилд ойролцоогоор
2,5 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг байна. Орос улс ДХБ-д элсэх тухай асуудал 18 жилийн турш яригдаж байгаа бөгөөд энэ нь 14 жил элсэх явц нь үргэлжилсэн Хятадын дээд амжилтыг эвдээд байгаа юм. Өдгөө ДХБ-ын гишүүн 153 улс дэлхийн нийт худалдааны эргэлтийн 95 хувийг эзэлж байна.   
 

Э.Оджаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж