”Эрчим”-ийн тав дахь түрүү

Хуучирсан мэдээ: 2016.05.02-нд нийтлэгдсэн

”Эрчим”-ийн тав дахь түрүү

Монголын хөлбөмбөгийн 2016 оны улиралын дагуу Супер цомын төлөөх тоглолтоор эхэллээ.

Өмнөх улирлынх нь лиг, цомын аваргууд супер цомын төлөө халз тулснаар шинэ улирал эхэлдэг олон улсын жишиг бий. "ДЦС-IV" ТӨХК-ийн "Эрчим" клуб 2015 онд Монголдоо босоо байж лиг, цомын тэмцээнд аль алинд түрүүлсэн. Тиймээс дээрх хоёр тэмцээнд аман хүзүүдсэн "Улаанбаатар" тэдэнтэй энэхүү цомыг булаалдсан юм. Түүхийн хуудас сөхвөл МХБХ супер цомын төлөөх тоглолтыг 2011-2014 онд дөрвөн удаа улирлын хаалт болгож зохион байгуулсан байдаг. Сонирхолтой нь тухай бүрт нь "Эрчим" түрүүлсэн бөгөөд "Улаанбаатар", "Хасын хүлгүүд", "Хангарьд", "Хоромхон" гэсэн дөрвөн өөр багийг ялж байв. Харин супер цом өнгөрсөн жил бололгүй өнжиж, энэ жилээс улирлын нээлтийн тоглолт болсноор олон улсын жишигт улам ойртсон юм. "Эрчим"-ийн хувьд энэхүү тэмцээнд тав дахь удаагаа түрүүлэхэд ямар ч асуудал байсангүй. Ц.Энхтөр 16, 27, Г.Төгөлдөр 33, Т.Мөнхбаатар 40, М.Төгөлдөр 57, япон легионер Шүта 79 дэх минутад гоол хийснээр "Улаанбаатар"-ыг 6:0-ээр буулган авлаа. Өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээ үндсэнд нь хадгалж чадсан тэд энэ улиралд ч хамгийн өндөр амжилт үзүүлэх өндөр магадлалтай. Жигүүрийн хамгаалагч Б.Эрхэмбаяр БНСУ руу суралцахаар явсан ч авьяаслаг залуу хагас хамгаалагч М.Төгөлдөр багтайгаа эргэн нэгдсэн нь хөгжөөн дэмжигчдийг нь баярлуулсан. Түүний эргэн ирэлт амжилттай болж, Супер цомын төлөөх тоглолтын шилдгээр нэрлэгдэв. "Эрчим"-ийн серб легионерууд Монголд ирээд байгаа ч улсынх нь хөлбөмбөгийн холбооноос шаардлагатай бичиг ирээгүй тул энэ тоглолтод оролцоогүй. Харин эсрэгээрээ "Улаанбаатар"-т асуудал их байна. Багийн гол тоглогчдоо талаар нэг тараасны балгаар футзалын "Пепси лиг"-т хомоол хамсан. Япон дасгалжуулагч Жүн Фүкүда талбайн улирал эхлэхийн өмнө нэлээн чармайлт гаргаж, А.Чинзориг, О.Баяржаргал, Э.Эрдэнэболд зэрэг гол тоглогчдоо цуглуулсан ч нутаг нэгт легионеруудынхаа хэнийг ч авчирч чадсангүй. Өнгөрсөн жил "Улаанбаатар" цойлж, О.Баяржаргал МХБХ-ны оны шилдэг тоглогчийн "Алтан бөмбөг" шагналыг хүртэхэд япон тоглогчдын үүрэг маш их байсан нь энэ удаа тод анзаарагдав. Мизүхо Сасаки өдгөө "Сэлэнгэпресс"-тэй гэрээ байгуулсан бол бусад нь Шинэ Зеландын лигт тоглохоор явсан юм. "Улаанбаатар"-ын бүрэлдэхүүн залуужсан ч гэсэн тоглогчид нь үнэхээр туршлагагүйтэж байна. Хамгаалалтад маш олон алдаа гаргасан нь тэднийг эцсийн дүнд бутниргүүлэхэд хүргэлээ. Ийнхүү МХБХ-ны шинэ улирал эхэллээ. Ирэх амралтын өдрүүдэд 100 сая төгрөгийн шашналын сантай "Хүрхрээ үндэсний лиг" эхэлнэ. Энэ жилийн лигт дээрх хоёроос гадна "Хангарьд", "Хоромхон", "Сэлэнгэпресс", "Улаанбаатарын унаганууд", "Улаанбаатарын мазаалайнууд", "Дэрэн", "Улаанбаатар Сити", "Бяангол" гэсэн 10 клуб хүч үзэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж