Токио хот дах Мадам Туссогийн лааны тосон баримлын музейд саяхнаас холограм бүжгийн тайз шинээр засчээ.
Холограм бүжгийнтайзанд гарсан хүн Холливуудын жүжигчин Леонардо Ди Каприо, Брэд Питтэй бүжиглэж, нэрт дуучин Лэди Гага, Бейонси, Мэрлин Монротой цуг дуулж, тэр бүү хэл Олимпын уран гулгалтын аварга Юзуру Ханютай “Хунт нуур” балет тоглож болох гэнэ. Токиогийн лааны тосон баримлын музейн шинэ үйлчилгээ олон хүний мөрөөдлийг биелүүлж байгаа аж.
Мэрлин Монро, Бейонситэй цуг тайзан дээр дуулсан нэгэн үйлчлүүлэгч “Миний дүрс тайзан дээр одуудтай цуг дуулж, бүжиглэж байгаа нь яг л бодит юм шиг санагдсан” гэжээ.
Харин Олимпын аварга Юзуру Ханютай “Хун нуур” балет бүжиглэсэн нэгэн үйлчлүүлэгч “Би өөрийгөө тайзан дээр балетчидтай бүжиглэж байхыг харсан. Яг л жинхэнэ юм шиг мөртлөө бас аймаар санагдсан” гэжээ.
Холограм тайзан дээр гарахын тулд үйлчлүүлэгч 3D зураг авахуулах бөгөөд төхөөрөмж зургийг холограм дүрс рүү илгээснээр холограм бүжигчний 90 секундын үзүүлбэр бэлэн болох юм.
Токиогийн лааны тосон баримлын музейн холограм тайз нь дижитал эриний хүмүүсийг алдартнуудтай уулзуулж, үйлчлүүлэгчдийг татах нэг арга ажээ.
Музей энэ оны дундаас эхлэн холограм алдартнуудын тоог нэмэхээр төлөвлөж байгаа юм байна.
Н.ЭНХ