БТСХТ-ийн дарга Д.Жаргалсайхан, ЭМСЯ-ны БТСБХЗГ-ийн мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн нар Ибараки мужид 4 сарын 21-22-нд ажиллан Токио 2020 олимпийн наадамд бэлтгэх ажлын талаар мужийн захирагч М. Хашимотогийн орлогчтой захиргааны байранд уулзалт хийв. Тус мужтай спортын салбарт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн мужийн хөгжлийн газрын дарга Х. Кудо (энэ газар нь олимпийн бэлтгэлийн асуудлыг хариуцдаг), орлогч дарга К.Немото нартай уулзан бэлтгэлийн заал, танхимуудаар явлаа.
Тус мужийн Сакурагава хот дахь буудлага спортын хуучин төвийг сэргээн засварлаж ирэх оны 3 сард ашиглалтанд оруулахаар бэлтгэл ажлаа эхэлжээ. Тус төв дээр 10 м, 25 м, 50 метрийн замтай, 30 орчим зогсоолтой, электрон бай бүхий талбайтай тул олон улсын бэлтгэл хийх бүрэн боломжтой. Монголын тамирчдын олимпийн өмнөх бэлтгэлийг 2017 оны 4 сараас энэ төвд эхлүүлж болох талаар ярилцлаа. Тус төв дээр Н.Тада багшийн удирдлага дор Монголын буудлагын тамирчид өмнө нь бэлтгэл хийж байсан уламжлалтай. Тиймээс энэ төвд ҮШБ-ийн тамирчдаа явуулж бэлтгэл хийлгэх боломжтой юм.
Ибараки мужийн “Касамацу” спорт цогцолборт олимпийн усан бассейн, спорт ордон, хөнгөн атлетикийн талбайтай танилцлаа. Энэ төв 56 га газрыг эзлэн оршдог олон спортын зориулалтын заал танхимтай ажээ. Энэ цогцолборт Монголын баг тамирчид олон төрлөөр бэлтгэл хийх бүрэн боломж бий. Төвийн мөсөн гулгуурын ордонг үзэж, хоккейн талбай, кёрлингийн бэлтгэл хийх 3 талбайтай байна. Энд 2018 оны Пенчёны олимпийн шорт трейк, кёрлингийн бэлтгэл хийх боломжийг ярилцав.
Ибараки мужид байрлах дэлхийд алдартай “Цукуба” их сургуулийн биеийн тамир, спортын сургуулийн материаллаг баазыг үзэв. Сургуулийн БТС-ын төвийн дарга А.Накагава хүлээн авлаа. Цукуба их сургуульд жүдо, чөлөөтийн бэлтгэл хийх боломж бүрдсэн байгаа ба АНЭУ-ын жүдо бөхийн шигшээ баг бэлтгэлээ хийж байгаатай таарлаа. Энэ сургуулийн спортын ордон, бассейн, гадаа талбайнуудыг бэлтгэлд ашиглах боломжтой гэж танилцуулсан. Тус сургуулийн спортын эмнэлэг, эрдэм шинжилгээний төвөөр орж туршилт, судалгааны ажил хийх байр, тоног төхөөрөмж, арга барилтай танилцав. Ирэх жилээс тодорхой шаардлага хангасан Монгол оюутныг сургалтын 100% тэтгэлэгтэй тус сургуульд сургахаар боллоо.
Японд суугаа Монгол Улсын элчин сайд Хүрэлбаатар болон ЭСЯ-ны ажилтан нартай утсаар ярьж энэ удаагийн айлчлалын зорилго, ажлын явц, ач холбогдлын талаар танилцуулан ажиллав.
Дүгнэлт: Энэхүү ажлын айлчлал нь Монгол Улсын баг тамирчдыг Токио 2020” олимпийн наадамд эртнээс бэлтгэх, үр дүнтэй арга хэмжээг авахад зайлшгүй шаардлагатай ажил хэргийн айчлал боллоо. Эдгээр 2 мужид Токиогийн олимпод газар дээр нь Монголын баг тамирчдыг үе шаттай, төлөвлөгөө гарган бэлтгэснээр 2020 онд Монголын тамирчид өндөр амжилттай оролцоход чухал дэмжлэг болно гэж үзлээ. Ибараки муж нь Токио хоттой хил залгаа ойр оршдог, спортын материаллаг бааз нь илүү боломжтой байгаа тул энэ мужийн хотуудад бэлтгэлээ түлхүү хийх саналтай байгаа юм.
Японд олон орны тамирчид бэлтгэлээ хийх саналаа гаргаж байгаа боловч Монголын тал эртнээс гэрээ байгуулан үйл ажиллагаандаа орсон нь цаг хугацаа хожсон, ашигтай ажил болсон гэж үзэж байна.
Цаашдын зорилт: Эдгээр хоёр мужийн спортын барилга байгууламжуудыг түшиглэн 2020 оны Токиогийн олимпийн бэлтгэлээ спортын хэд хэдэн төрөлд хийх бүрэн боломжтой байна. Пара байт харваа болон энэ төрлөөр олимпод орох эрүүл тамирчдыг Нийгата мужид 2016 оны 7 сараас эхлэн бэлтгэнэ. Буудлагын тамирчид 2017 оны 4 сард бэлтгэлээ Ибараки мужид бэлтгэлээ хийхээр тохирлоо. Нийгата мужтай санамж бичгээ Элчин сайдын хэмжээнд байгуулахаар болов. Ибарака мужтай шинээр харилцан ойлголцлын санамж бичиг ойрын хугацаанд байгуулах шаардлагатай байна.
ЭХ СУРВАЛЖ: www.sport.gov.mn