Иргэн Б жилийн өмнө судасны бөглөрөл гэдэг оноштойгоор хоёр хөлөө тайруулжээ. Хоёр хөлөө тайруулж, тэргэнцэр дээр сууна гэж бодоход их хэцүү байсан тухайгаа ярьсан юм. Тэрээр одоогоор гэртээ байгаа бөгөөд цаашдаа нийгмийн амьдралд идэвхтэй оролцохыг хүсч буйгаа илэрхийлж байлаа. Тийм ч учраас өнөөдөр /05.02/ Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт хэрэгжүүлэх гэж буй сэргээн заслын “Даван туулагч” хөтөлбөртэй танилцахаар сонирхон ирсэн байлаа.
“Даван туулагч” хөтөлбөрийг санаачлагчид нь АНУ-ын Нью-Йорк хотноо 2014 онд зохиогдсон “TCS New York marathon”-д Монгол улсаа төлөөлөн оролцсон сэлэм хөлт О.Саранчулууны тэргүүлдэг “Ахиллис Монгол” ТББ, мөн Ариг банк юм. Хөтөлбөрийн зорилго нь гэнэтийн осол гэмтэл, өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүст зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх юм.
“Ахиллис Монгол” ТББ-ын тэргүүн О.Саранчулуун энэ санаачилгынхаа тухай ярихдаа “Би автомашины осол ороод хоёр сар эмнэлэгт хэвтсэн. Одоо бие маань сайжирч буцаад ажилдаа орж байна. Эмнэлэгт хэвтэх үедээ ийм ажлыг заавал хийх ёстой гэдгээ илүү мэдэрсэн. Манай орны эмнэлгийн байдал дайны нөхцөлтэй адилхан байна. Тиймээс би хэцүү байна гээд шаналж хэвтэснээс хурдан босч бусад хүмүүст туслах ёстойгоо ойлгосон юм” гэлээ.
Өвчин эмгэг хэлж биш хийсч ирдэг. Гэнэтийн осолд орсон хүнд “Мэс заслын дараа хаачих вэ?” гэх асуулт тулгардаг. Энэ асуултад хариулахаар “Даван туулагч” хөтөлбөрийг эхлүүлж байгаа тухай зохион байгуулагчид хэлж байлаа. Мөн энэ хөтөлбөрийг АНУ-д суугаа монголчууд дэмжиж, гүйлтийн уралдаан зохион байгуулж олсон орлогоо уг хөтөлбөрт хандивлажээ.
Ямар нэг гэмтэл, ослын улмаас аль нэг мөчөө тайруулсан хүмүүсийн 30-70 хувь нь дасан зохицож чадахгүйн улмаас стресс, сэтгэл гутралд орж, түгших эмгэгтэй болдог байна. Харин харааны бэрхшээлтэй хүмүүсийн 29 хувь нь сэтгэл санааны хямралд өртдөг гэсэн судалгаа байдаг ажээ.
Сэтгэл зүйн “Сэтгэлийн толь” төвийн сэтгэл зүйч Х.Хандсүрэн “Гэнэтийн ослын үед тухайн хүний тархи эхэлж цочирдож гэмтдэг. Түүний улмаас сэтгэл гутрал, стресст ордог. Эдгээр сэтгэл зүйн хүнд байдлаас гаргахын тулд сэтгэл зүйн зөвлөгөөг үе шаттай өгөхөөс гадна тухайн хүний ар гэрийнхэнтэй давхар ажилладаг. Мөн өвчтөнд ямар боломж байгааг нь харгалзан үзэж урлаг, спортоор дэмжих хэрэгтэй” гэдгийг зөвлөлөө.
Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн зүрх судасны мэс заслын эмч Ж.Эрдэнэбүрэн “Судасны нөхөн сэргээх мэс засал сайн хөгжиж байгаа хэдий ч мэс ажилбар хийлгэх хүний тоо буурахгүй байна. Тамхи татах, өөх тосны хуримтлал зэрэг амьдралын буруу хэвшлээс болж байна. Мөн хөдөлгөөний дутагдал их байна. Манай зүрх судасны мэс заслын тасагт жилд дунджаар хамгийн ихдээ 62 мэс засал хийж байсан” гэдгийг анхааруулсан юм.
Зүрх судасны өвчлөл дэлхийн хүн амын нас баралтын 35 хувийг эзэлдэг. Манай оронд энэ өвчлөлөөр нас барагсдын тоо 40 орчим хувийг эзэлдэг байна. Сүүлийн жилүүдэд олон байрлалт, судас хатуурлын эмгэг гэдэг оноштойгоор олон хүн өвдөх болжээ. Мөн тархинд цус харвах, зүрхний шигдээс, бөөрний дутагдал, дээд болон доод мөчлийн үхжил, чихрийн шижин зэргээр хөгжлийн бэрхшээлтэй болж байгааг эмч мэргэжилтнүүд сануулж байлаа.
“Rehtus” компанийн захирал В.Ойдов “Гэнэтийн ослоор хөгжлийн бэрхшээлтэй болж буй хүмүүст ямар төрлийн хэрэгслүүдийг хэрэглэж болох талаар манай компани зөвлөгөө өгч байна. Манай компанид гэнэтийн осол, өвчнөөс болж хөгжлийн бэрхшээлтэй болсон олон хүн ханддаг. Ялангуяа гэмтэл авчихаад эдгэрэх явцдаа дахин гэмтэл авах тохиолдол их байна. Тодруулбал харвалтын дараа таягтай алхаж байгаад унаж бэртэх тохиолдол их гарч байна. Энэ бүхнээс яаж урьдчилан сэргийлэх, тэргэнцэртэйгээ хэрхэн зөв харьцах зэргийг ойлгуулах нь чухал юм” гэв.
А.ЦЭЭСҮРЭН