Европын холбоо Грект тусална

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Европын холбоо Грект тусална

ЕВРОПЫН ХОЛБОО ГРЕКТ ТУСАЛНА, ГЭВЧ ИРГЭДЭД НЬ
ЭНЭ ТААЛАГДСАНГҮЙ

Европын холбооны орнуудын Сангийн сайд нар Грект 12.6 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж өгөхөөр боллоо. Олон улсын валютын сан ч үүнийг сайшаан дэмжиж байна. Энэ бүхэн нь Грекийн Засгийн газраас гаргасан бондын баталгаа болж, олон улсын зах зээлийг тогтворжуулан  хөрөнгө оруулагчдын санааг амраасан юм. Гэхдээ грекчүүд бүсээ тултал нь чангалж, хэтдээ дааж давшгүй их өр төлөхөөс өөр аргагүй болжээ. Харамсалтай нь тэдэнд өөр сонголт байсангүй.

Грекийн парламент өнгөрсөн долоо хоногт төсвөө 28 тэрбум еврогоор танах шийдвэр гаргасан. Энэ нь Европын холбооноос тавьсан шаардлагын дагуу авч буй арга хэмжээ юм. Хэдийгээр грекчүүдийн эсэргүүцэл хүчтэй байсан боловч Грекийн парламентын гишүүд төсвийн зардлаа татахаар болсон. Эс тэгвэл тус улс сүүлийн 60 жилд анх удаа дампуурлаа зарлаж, эдийн засгийн хувьд бие даан оршин тогтнох боломжгүй болсноо хүлээн зөвшөөрөх анхны хөгжингүй орон болох байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Евро бүсийн Засгийн газрууд Грект олгохоор төлөвлөж байсан 120 тэрбум еврогийн зээлийг батлахаас татгалзсан. Учир нь тэд тус улсыг зээлээ эргүүлэн төлөх чадваргүй гэж үзсэн билээ. Гэхдээ албаны төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд 120 тэрбум еврогийн зээл өгөхийг зөвшөөрч, батална хэмээн найдаж байсан ч тэр нь талаар болсон юм. Одоогоос жил гаруй өмнө Европын холбоо, Олон улсын валютын сан хамтран Грект санхүүгийн тусламж үзүүлж байв. Гэвч өнгөрсөн хугацаанд тус улсын Засгийн газрын бондын хүү улам өсч, зээлээ төлж чадахаа болих хэмжээнд хүрсэн билээ. Төсвийн зардлаа танахын хэрээр ажлын байр шинээр бий болгох боломж хомсдож, ажилгүй грекчүүдийн тоо улам бүр нэмэгдсэн. Тиймээс дахин зээл олгох тухай яригдаж эхэлсэн юм.

Харин Европын холбоо 12.6 тэрбум еврогийн зээл олгох тухай  хэлэлцэх үед Герман тэргүүтэй орны албаны төлөөлөгчид Грекийн Засгийн газрын бондын тодорхой хэсгийг эзэмших саналтай байгаагаа хэлсэн байна. Гэхдээ бонд эзэмшигчдийн харьцааг тэнцвэртэй болгож чадах эсэх нь эргэлзээтэй. Евробүсийн Сангийн сайд нар энэ сарын 11-нд Брюссельд дахин цуглаж, нэмж зээл олгох тухай ярилцах юм. Тэгэхээр Грект хоёр дахь удаагаа зээл олгох асуудал бүрэн дуусаагүй байгаа гэсэн үг. Энэ нь бонд эзэмшигчдийн тухай яриаг эцэслэн тогтоож байж шийдэгдэнэ гэж зарим шинжээч дүгнэжээ. Ямартай ч Грект зээл олгох асуудалд Олон улсын валютын сангийн зүгээс нааштай хариу ирүүлсэн байна.

Олон улсын валютын сангийн тэргүүн европ хүн байгаа цагт Евро бүсийн орнуудад зээл олгох тухай яриа ямар ч саадгүй шийдэгдэнэ гэж ажиглагчид дүгнэдэг. Хүчингийн хэрэгт холбогдсон Штраусс Кан албан тушаалаа өгөхөөс өмнө Португали, Ирланд тэргүүтэй орнуудад зээл өгч байсан. Францын Сангийн сайд Кристина Лагард ч мөн адил түүний араас замнаж байна. Тэд ийм бодлого баримтлах болсны шалтгаан нь еврогийн уналт, сэргэлттэй шууд холбоотой. Грек улс дампуурлаа зарлана гэдэг еврогийн ханш огцом унаж, бүс нутгийн нэгдмэл байдал алдагдахад хүрнэ гэсэн үг юм.

Ийнхүү зээл авсан явдал нь грекчүүдийн дургүйцлийг хүргэж, эсэргүүцлийн жагсаалууд хүчээ авч байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлэх болов. “Wall Street Journal”-д жагсагчдын нэг болох 28 настай Жорж Николопоулоу ярилцлага өгчээ. Тэрбээр “Бидэнд ямар ч ирээдүй алга. Би арайхийж хувцасны дэлгүүрт ажиллах боломж олсон. Гэтэл тэнд ажилд орсноос хойш зургаан сар өнгөрчихөөд байгаа хэрнээ би цалингаа авч чадаагүй байна. Над шиг хүн олон бий. Миний найзуудын олонхи нь Грекийг орхин явсан. Магадгүй би ч гэсэн тэдний араас явах хэрэгтэй байх. Гэхдээ яг одоо би энд үлдэж, тэмцэх ёстой” гэсэн байна.

Грекийн бодлого боловс­руу­лагчид төсвөө асар их хэмжээгээр танасан нь тус улсын ард иргэдийг 1970-аад оноос хойш учирч байгаагүй хүнд байдалд оруулах болж. “ELSTAT”-ийн судалгаагаар Грект ажилгүйдлийн түвшин сүүлийн гурван жилийн турш хоёр оронтой тооноос буугаагүй бөгөөд хамгийн сүүлд 16.2 хувьд хүрчээ. Гэхдээ ажилгүй грекчүүдийн 42 хувь нь 18-24 насныхан, 22 хувь нь 25-34 насныхан байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ нь тус улсын залуу үеийнхэн ажилгүй болсний илрэл. Тэдэнд ирээдүй алга. Тиймээс парламентынхаа үйл ажиллагааг шүүмжилж, тэмцэж эхэлжээ.

Испанид ажилгүйдлийн түвшин 44.3 хувь хүрэх үед тус улсын иргэд мөн л ийнхүү жагсаж байсан юм. Харин Грекийн хувьд жагсагчид дунд залуусаас гадна тэтгэврийнхэн ч байгаа. Хөгшчүүл нь өөртөө байгаа зүйлээ алдахыг хүсэхгүй байгаа учраас тэмцэж байна. Харин залуус нь ирээдүйгээ алдахгүйн тулд жагсацгаажээ. Хэдийгээр Европын холбооноос санхүүгийн дэмжлэг авч байгаа боловч Грект ажилгүйдлийн түвшин 2015 он хүртэл өснө гэх таамаг гарсан. Өөрөөр хэлбэл, одоо ажилгүй байгаа грек залуусын хувьд олон жилийн турш энэ хэвээрээ байна гэсэн үг юм.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж