“Өргөст сарнай”-н зохиолч бурхны орныг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.02-нд нийтлэгдсэн

“Өргөст сарнай”-н зохиолч бурхны орныг зорьжээ

…Цахиур овогт Даваасүрэнгийн Наранчимэг. Түүнийг хүн болгон танихгүй. Тэр алдартай зохиолч, уран бүтээлч, олны танил биш. Зүгээр л та бидний нэгэн адил эгэл жирийн эмэгтэй, ээж, гэргий. Түүний мэргэжил Хүнсний технологийн инженер. Герман улсад боловсрол эзэмшсэн тэрээр сүүлийн жилүүдэд герман хэлний багш хийж ирсэн аж. Тэрбээр өөрийнхөө хувь тавилангаар амьдарч, таван хүүхдийн эх болж, түмний хүүхдэд Герман улсад эзэмшсэн хэлээ зааж явсан ч нэг л өдөр аюулт өвчнөөр өвдсөнөө мэджээ. Энэ бол монголчууд та бидний чихэнд хэдийнээ дасал болсон “хорт хавдар” хэмээх өвчин… хэмээн одоогоос гурван жилийн өмнө “Амьд явах виз” номынх нь нээлтийн үеэр түүний тухай бичиж байжээ.

Харин өнгөрсөн хугацаанд тэрбээр олон хүний танил, дотнын зөвлөгч, фэйсбүүкийн найз нь болоод байсан юм. Д.Наранчимэг дээр өгүүлсөн “Амьд явах виз”-ээс гадна “Өргөст сарнай”, “Хэн бэ гэж үү” хэмээх зохиол бүтээл туувиж,  ухаарал, тэмүүлэл, хайр, харуусал, баяр жаргал хосолсон олон арван шүлэг тэрлэн өдөр бүр цахим ертөнцөд түгээдэг уйгагүй хөдөлмөрч, уран бүтээлч хүн байсан юм.

Түүний туурвисан “Өргөст сарнай " зохиолд  Зүүн Германд сурч байсан монгол эмэгтэйн бодит амьдралыг өгүүлдэг. Бусдын амьдралд тохиолдсон түүхийг туршлага болгон бүтээл туурвихын зэрэгцээ аюулт өвчинтэй тэмцсэн өөрийн амьдралын түүхийг ч тэрбээр хэдийнээ туурвин бүтээсэн билээ. Баяр жаргал ээлжлэх хорвоод  зовлонг туулах сэтгэлийн их тэнхээтэй  төрсөн ховорхон уран бүтээлч бүсгүй  тэнгэрийн орноо зорин оджээ. Амьдралын сайхныг, амьдрахын төлөөх тэмүүллийг олон хүнд мэдрүүлсэн түүнд  фэйсбүүк хуудсаар дамжуулан үгэн зул өргөсөөр байна.

…Чи минь эх дэлхийдээ тайван нойрс доо.

…Өглөө бүр Ухаарал хаяахан гуниг мэдрүүлдэг сайхан хүн байсан.Та минь амгалан нойрсдоо.Олон мянган эмгэнэл ар араасаа хөвөрч буй энэ үед Сэтгэл хөндүүрлэж байна.

…Эмгэнэл илэрхийлье. Энэ сэтгэлд минь их урам өгч, тэвчээр ухаарлыг өгч байсан Танд баярлалаа!

…Би итгэхгүй байна, дотор эзгүйрч байна, зогсолтгүй уйлан байна…

Эмгэнэлийн үг ар араасаа цувран байна. Өглөө бүрийг хамтдаа угтаж, үдшийг ч мөн хамтдаа үдсэн фэйсбүүкийн найзуудаас нь илгээсэн сэтгэлийн үгс энэ билээ. Монголчууд бид цөөхүүлээ, тэр хэрээрээ амь нэгтэй, бие биедээ хайртай гэдгийг зохиолч бүсгүй батлаад буцлаа. Төрүүлж өсгөсөн таван сайхан хүүдээ үлдээсэн нэгэн шүлгийг нь уншигчдадаа хүргье.

Ижий нь хэрэв …

Ижий нь хэрэв тэнгэрт нисчихвэл
Ирэх хаврын шувуудын дотор цагаахан хун болоод буцаад ирнэ
Ижий нь хэрэв газарт шингэчихвэл
Эмзэгхэн дэлбээтэй цэнхэр хөх яргуй болоод ургаад дэлбээлнэ

Үрс минь ижийгээ хайж нойр чинь хулжвал
Үдшийн тэнгэрт ээж нь та нартаа тодоос тод гялалзах од болон харагдана
Хүү минь ижийгээ үгүйлэн санаж хүлээвэл
Хөвөн цагаан үүлнээс ээж нь нартайд шиврэх бороо болон чам дээр дусна

Саар явахыг нь ижий нь байхгүй ч андахгүй мэдэхдээ , муу үйлийг чинь
Салхиар үлээн хөөж аадраар угаан шавшиж замыг чинь засах болно
Сайн явахыг чинь ижий нь үгүй ч эндэхгүй бодохдоо, сайхан бүхнийг чинь
Саамшсан хөхнийхөө цагаан сүүгээр сацал өргөн тэртээгээс ерөөл хайрлана

Намайг хэрэв насгүй болоод нар мэт жаргачихвал
Гутарч бүү уруудаарай , ижийгий нь сүнс амарч өгөхгүй энд тэнд тэнүүчлэн зовно шүү
Нартаас нэгэнт одож намрын навчис шиг хийсчихвэл
Гуниж битгий шаналаарай , эцгийн чинь сэтгэл сэмэрч, эмтэрсэн элэг нь өвдөнө шүү

Ижий нь хэрэв байхгүй болчихвол бүү гансар
Эргэх хорвоод мөнх амь гэж байдаггүй юм хүү минь
Ийм тавилан хүн болгонд эрт орой хэзээд ирдэг юм
Эмээл дээрээ эрвэлзэж эрэмгий цогтой амьдар , ЭР ХҮН уйлдаггүй юм хүү минь

Цахиурт Овогт Даваасүрэнгийн Наранчимэг
Улаанбаатар хот
23.02.2015

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж